ХУБИЛАЙ СЭЦЭН ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 810 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “ХУБИЛАЙ СЭЦЭН ХААНЫ НАМТАР, ӨВ” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг, “МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ТҮҮХИЙН ТОВЧ ТОЛЬ”, “ЮАНЬ УЛСЫН ХУУЛЬ ЦААЗЫН БИЧИГ” номын нээлт
ХУБИЛАЙ СЭЦЭН ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 810 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “ХУБИЛАЙ СЭЦЭН ХААНЫ НАМТАР, ӨВ” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг, “МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ТҮҮХИЙН ТОВЧ ТОЛЬ”, “ЮАНЬ УЛСЫН ХУУЛЬ ЦААЗЫН БИЧИГ” номын нээлт

Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн, академичид, Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын багш, эрдэмтэн судлаачид тэргүүтэй олон хүндтэй зочид оролцов. Хэлэлцүүлэгт ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндорж, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Б.Сумьяабаатар, Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор С.Дулам болон төр засгийн төлөөлөл, МБШТГХ-ийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, гэвш Н.Амгалан, МУИС, МУБИС, БХЭШХ зэрэг байгууллагын олон хүндтэй зочид урилгаар оролцож Монголын эзэнт гүрний түүх, Хубилай хаан судлалын цаашдын бодлого, зорилт, үйл ажиллагааны талаар байр суурь илэрхийлж, өргөн цар хүрээтэй шинжлэх ухааны томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх шаарлагатайг онцлон тэмдэглэв.
➡️ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрх үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ж.Болдбаатар, Монголын эзэнт гүрэн, дундад үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D), профессор А.Пунсаг, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн Одон орон судлах оргилын дарга, доктор (Ph.D) Б.Нямсүрэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хүндэт доктор Б.Отгонбаатар, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбарын эрхлэгч, доктор (Ph.D) С.Хүрэлсүх нар илтгэлээ сонордууллаа.
“МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ТҮҮХИЙН ТОВЧ ТОЛЬ” бүтээл нь: ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс сүүлийн жилүүдэд явуулсан судалгаа шинжилгээний явцад цугларсан эх хэрэглэгдэхүүнд үндэслэн туурвисан хамтын бүтээл юм. Монголын түүхийн тодорхой үеэр нэвтэрхий толь, тайлбар толь зохиох ажлыг манай эрдэмтэн судлаачид хийж ирсэн боловч, Монголын эзэнт гүрний түүхийн чиглэлээр тайлбар толь бичиг туурвих шаардлага тулгарсаар байв. Иймд Монголын эзэнт гүрний түүхийн гол гол ухагдахуун, ойлголтыг багтаасан тулгуур толийг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн болон бусад их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэд хамтран туурвисан юм. Уг бүтээлд, Г.Алтансүх, Ж.Базарсүрэн, Д.Баярсайхан, Даш.Баярсайхан, Г.Бямбарагчаа, Л.Ганбат, Ц.Гүнчин-Иш, Ж.Гэрэлбадрах, Б.Дашдулам, Т.Мөнхцэцэг, Б.Нацагдорж, А.Очир, А.Пунсаг, Э.Равдан, П.Төрболд, Э.Уртнасан, С.Цолмон, Ц.Цэрэндорж, Х.Шагдар, Ц.Эгиймаа, Ц.Энхчимэг, У.Эрдэнэбат, Л.Эрдэнэболд, Т.Эрдэнэхишиг зэрэг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, МУИС, МУБИС, БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн судлаачдаас бүрдсэн 24 эрдэмтэн оролцож, редактораар академич Ц.Цэрэндорж ажиллажээ.
➡️Тольд Монголын Эзэнт Гүрний үеийн түүхэн зүтгэлтэн, газар ус, түүхэн үйл явдал, ёс заншил, зарим археологийн олдворын томоохон төрөл зүйл зэргийн талаарх 1700 орчим толгой үгээс бүрдсэн 776 тал /48,5 х.х./ бүтээл болсон. Зохиолын бичилт нь эрдэмтэн судлаачдад төдийгүй, олон нийтэд зориулсан бүтээл учраас хэт нуршуу бөгөөд эрдэм шинжилгээний хэв маягтай болохоос сэргийлэн эшлэл зүүлт хийлгүй, үг хэллэг, найруулгыг энгийн, ойлгомжтой байлгахыг эрмэлзэв. Мөн түүхэн хүний болон газар усны нэр, бусад нэр томьёог жигдэлж нэг хэлбэрт оруулсан, чингэхдээ тухайн чиглэлийн гол судлаач эрдэмтдийн саналыг харгалзан үзсэн. Мөн цөөн тохиолдолд Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн бус судлаачдын үзэл бодлыг хүндэтгэн анхны бичвэрт байсан хувилбарыг үлдээн, өөрсдийн баримталж буй хувилбарыг ар талд нь хаалтад оруулж зохиогчдын ашигласан ном бүтээл, эх сурвалжийг харуулах үүднээс хуучин болон шинэ маягийн хялбаршуулсан ханзыг нэгтгэн жигдлэлгүй, зохиогчийн анх ирүүлсэн хэлбэрээр бичжээ. Уг толь хэвлэгдсэн нь Монголын эзэнт гүрний түүх, Дундад зууны Монголын түүхийн нэр томьёоны асуудалд чухал нэгэн хэрэглэгдэхүүн болох боломжтой юм.
“ЮАНЬ УЛСЫН ХУУЛЬ ЦААЗЫН БИЧИГ” бүтээл нь: Монголын “Их Юань улсын хууль цаазын бичиг” (大元典章Да Юань дяньчжан) хэмээх Монголын төр эрх зүйн түүхийн онц чухал сурвалж бичгийн бүрэн орчуулгыг тус хүрээлэнд ажиллаж байсан Б.Алтанбагана 1945-1953 оны хооронд хийж гүйцэтгэсэн нь эдүгээ хүртэл тус хүрээлэнгийн Түүхийн баримтын санд гар бичмэл эхээр хадгалагдаж байна.
Тус сурвалж нь нийт 60 дэвтэр, Юань улсын Жунтунгийн тэргүүн (1260) оноос Яньюгийн 7-р (1320) он хүртэлх Монголын Их Юань улсын хаадын зарлиг, хууль цаазын бүрэн эмхэтгэл нийт 10 анги, 2359 зурвасаас бүрдсэн зохиол болно.
➡️Энэхүү ховор чухаг сурвалж нь эдүгээ болтол монголоос өөр хэлэнд бүрэн орчуулагдаж гараагүй бөгөөд Б.Алтанбаганын энэхүү бүрэн орчуулга нь XIII-XIV зууны Монголын төр эрх зүйн түүхийг судлахад алгасаж болшгүй ховор нандин тулгуур эх сурвалж юм.
➡️Б.Алтанбаганын монгол орчуулгын эхний 10 бүлгийг монгол бичгээс хөрвүүлж, хятад эхтэй харгуулан эрдэм шинжилгээний тайлбар сэлтийн хамтаар хэвлэсэн эхний дэвтэр юм. Хөрвүүлгийн ихэнхийг тус хүрээлэнгийн Сурвалж судлал баримт мэдээллийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан доктор С.Амарбаяр хийж гүйцэтгэж, Б.Нацагдорж, Н.Хатанбаатар, Г.Одбаяр нар оролцов.
➡️Б.Алтанбаганын орчуулсан “Юань улсын хууль цаазын бичиг” (Юань дяньжан)-ийн эхийг Тайвань-аас 2016 онд хэвлүүлсэн уг сурвалжийн нангиад эхтэй харгуулан нягталж, хятад газар орон, хүний нэрийн ханз үсгийг хадаж тайлбарлах ажлыг хийж гүйцэтгэжээ.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
4 жилийн өмнө