“XII ЗУУНЫ МОНГОЛЧУУДЫН НИЙГМИЙН БАЙГУУЛАЛТ” НЭГЭН СЭДЭВТ БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.
“XII ЗУУНЫ МОНГОЛЧУУДЫН НИЙГМИЙН БАЙГУУЛАЛТ” НЭГЭН СЭДЭВТ БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

Тус хүрээлэнгийн Эртний түүхийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Г.Алтансүхийн
удирдсан суурь судалгааны төслийн үр дүнд “XII ЗУУНЫ МОНГОЛЧУУДЫН
НИЙГМИЙН БАЙГУУЛАЛТ” нэртэй нэгэн сэдэвт бүтээл хэвлэгдэн гарлаа.
    
Энэхүү нэгэн сэдэвт судалгааны бүтээлд анхдагч эх сурвалжууд болон урьдын
судалгаануудыг тоймлон үзэх, XII зууны монголчуудын төрийн зохион байгуулалт,
төрлийн тогтолцоо, аж ахуйн хөдөлмөр зохион байгуулалтын тухай шинжлэх, XII
зууны монголчуудын нийгмийн байгуулалд холбогдох суурь ойлголтуудыг
“Ойлголтын түүх”-ийн аргаар дахин нягтлах аргаар XII зууны монголчуудын
нийгмийн байгууллын шинэ судалгаа хийхийг зорьжээ.
     
Тэгэхдээ эх сурвалжаас олж цуглуулсан мэдээллүүдийг археологи, түүхэн хэл
шинжлэлийн баримтуудаар баяжуулан, нөхвөрлөхийн зэрэгцээ дундад зууны
үеийн аяллын тэмдэглэл, толь бичиг тэргүүтэй хоёрдогч эх сурвалжуудыг ашиглан
XII зууны монголчуудын нийгмийн байгууллын асуудлыг шинээр нягтлав. Түүхийн
анхдагч сурвалжуудаас XII зууны монголчуудын төрлийн тогтолцоо ба төрийн
удирдлагын тогтолцооны ойлголтуудыг ялган авч тус тусад нь нарийвчлан судалж,
XII зууны монголчуудын овог, ураг, ясун гэх суурь ойлголтууд дээр тулгуурласан
“төрлийн тогтолцоо” ба улс, иргэн, зүүн гар, баруун гар, хүрээ гэх мэт суурь
ойлголтуудад тулгуурласан “төрийн удирдлагын тогтолцоо” зэрэгцэн оршиж
байсныг нотолжээ. Ийнхүү XII зуунд ураг төрлийн холбоонд суурилсан нийгмийн
удирдлагын тогтолцоо байсан гэх хуучин үзлийг үгүйсгэж, шинэ саналыг
дэвшүүлсэн шинэ судалгаа болжээ.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
3 жилийн өмнө