Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн судлаачид 2025 оны тавдугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн Хашаат, Өгийнуур сумдын нутагт хамрагдах 35,000 га талбайд угсаатны зүйн авран хамгаалах хээрийн судалгааг зохион байгууллаа.
Энэхүү судалгаа нь Монгол Улсын “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн 5 дугаар бүлгийн 27.8–27.10-д заасны дагуу, хөгжлийн үйл ажиллагаа хэрэгжихээс өмнө соёлын өвийг илрүүлэх, баримтжуулах, хамгаалах зорилгоор мэргэжлийн байгууллагаар урьдчилсан хайгуул судалгаа хийлгэх шаардлагыг ханган хэрэгжүүлсэн юм.

Судалгааны гол зорилго нь тухайн бүс нутгийн угсаатны бүлгүүдийн уламжлалт мэдлэг, соёлын үнэт зүйлс, байгальтай харьцах ёс заншил, түүхэн өв, орчны өнөөгийн төлөв байдлыг бүртгэн баримтжуулж, биет бус соёлын өвийн мэдээллийг цуглуулах явдал байв.
Судалгааг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Угсаатан судлал, биет бус соёлын өвийн төвийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Н.Маралмаагаар ахлуулсан баг гүйцэтгэсэн бөгөөд бүрэлдэхүүнд дараах судлаачид ажиллалаа. Үүнд:
• Угсаатан судлал, биет бус соёлын өвийн төвийн ЭША, магистр У.Пүрэвжав
• Угсаатан судлал, биет бус соёлын өвийн төвийн ЭША, магистр М.Үүрийнтуяа
• Өвөрхангай аймгийн Хархорин музейн ЭША, магистр С.Энхмэнд
• “Дэлхийн өв — Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа”-ны ахлах мэргэжилтэн, магистр З.Чаминцэцэг нар оролцлоо.

Судалгааны үр дүн нь “Шинэ Хархорум” хотын хөгжлийн төлөвлөлтөд орон нутгийн соёлын өв, уламжлал, угсаатны зүйд тулгуурласан зохистой хөгжлийн бодлого боловсруулахад чухал суурь мэдээлэл болон үлдэх юм.