ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн (хуучин нэрээр) Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Бүгд Найрамдах Солонгос Улсын эрдэмтэн, Солонгосын Үндэсний ШУА-ийн жинхэнэ гишүүн, Сөүлийн Их сургуулийн Хүндэт профессор Ким Ходонд тус хүрээлэнгийн Хүндэт докторын зэрэг олгосон бөгөөд Хүндэт докторын диплом гардуулах ёслол 2022 оны 8-р сарын 9-ний өдөр ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байрын хурлын танхимд болов. (Цар тахал болон бусад шалтгааны улмаас Хүндэт докторын дипломыг ийнхүү оройтож гардуулахад хүрсэн билээ.)
Хүндэт докторын диплом гардуулах ёслолыг нээж Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ц.Цэрэндорж үг хэлж, академич Ким Ходонгийн намтар, эрдэм шинжилгээний бүтээлийн талаар танилцуулан Монголын эзэнт гүрний түүхийн судалгаанд цаашид ч их хувь нэмэр оруулна хэмээн үзэж байгаагаа онцлон тэмдэглэв.
Ёслолын төгсгөлд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Хүндэт доктор Ким Ходон талархал илэрхийлэхийн хамтаар цаашид ч Монголын эзэнт гүрний түүхийн судалгаанд өөрийн хувь нэмрийг оруулна гэдгээ илэрхийлэв.
Академич Ким Ходон 1979 онд Сөүлийн Үндэсний Их сургуулийн Дорно дахины түүхийн ангийг дүүргэж, 1986 онд АНУ-ын Харвардын Их сургуулийн докторантурт суралцан нэрт эрдэмтэн, профессор Жозеф Флетчерийн удирдлага доор “The Muslim Rebellion and Kashgar Emirate in Chinese Central Asia, 1864-1877” сэдвээр докторын зэргийг амжилттай хамгаалжээ.
Төв
Ази судлал, Монгол судлал, Монголын эзэнт гүрний түүхийн чиглэлээр олон жил
судалгаа явуулж, олон арван ном бүтээл хэвлүүлсэн, Монголын эзэнт гүрний түүх
судлалаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэртэй эрдэмтэн юм.
Профессор Ким Ходон:
- “Хятад дахь ариун дайн”
(Holy War in China: The Muslim Rebellion and State in Chinese Central Asia,
1864-1877, Stanford University Press, 2004),
- “Монголын эзэнт гүрэн
ба дэлхийн түүх мэндэлсэн нь” (The Mongol Empire and the Birth of World
History, Seoul: 2010.),
- “Монголын эзэнт гүрэн
хийгээд Корё улс”(The Mongol Empire and Goryeo―The Rise of Qubilai and the
Political Status of the Goryeo Dynasty, Seoul: 2007.),
- “Дорно дахин дахь
христийн шашин хийгээд Дорно, Өрнийн соёл иргэншил” (Eastern Christianity and
the Eastern and Western Civilizations, Seoul: 2002),
- "Атлас Төв
Евразийн түүх" зэрэг ганц сэдэвт зохиол, хамтын бүтээлүүдийг туурвисан нь
Солонгосын болон дэлхийн эрдэмтэн судлаачдаас өндөр үнэлэлт авсан юм.
Мөн профессор Ким Ходон:
- Рашид ад-Диний “Судрын
чуулган” (перс эхээс нь 4 ботиор, эрдэм шинжилгээний маш нарийн тайлбар,
зүүлттэйгээр хэвлүүлсэн бөгөөд одоо 5 дахь ботийг хэвлэлд шилжүүлээд байна);
- Марко Пологийн аяны
тэмдэглэл “Орчлонгийн элдэв сонин”
- Хятадын албан түүхийн
зохиолуудад тэмдэглэгдэн үлдсэн Харь улсуудын шастир” зэрэг сурвалжуудыг перс,
англи, эртний хятад хэлнээс орчуулснаас гадна
- Рене Груссе-гийн
“Евразийн нүүдэлчдийн эзэнт гүрэн”,
- П.Рачневскийн “Чингис
хаан”,
- А.М.Хазановын “Нүүдэлчдийн нийгмийн байгуулал” зэрэг судалгааны шилдэг бүтээлүүдийг солонгос хэлээр орчуулж, Монголын эзэнт гүрний болоод монголчуудын түүхийг сурталчлан таниулахад чухал хувь нэмэр оруулсан билээ.
Академич
Ким Ходон Сөүлийн Их сургуулийн Дорно дахины түүхийн тэнхимд олон жил багшилж,
Монголын түүхийн чиглэлээр олон арван шавь бэлтгэн гаргасан нь эдүгээ
Солонгосын болон бусад орны их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад
үр бүтээлтэй ажиллаж, дэлхийн монгол судлалд зохих байр суурь эзэлсэн эрдэмтэд
болсон юм.