Монголын археологичдын холбоо болон археологийн судалгаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд хамтран жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Монголын археологи” 2025 эрдэм шинжилгээний тайлангийн хурал 12-р сарын 20-21-ний өдрүүдэд МУИС-ийн номын санд болж өнгөрлөө.
Уламжлал болсон энэхүү хурлаар археологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд тухайн жилийн авран хамгаалах хайгуул, малтлага судалгаа болон дотоод гадаадын суурь судалгааны төслүүдийнхээ үр дүнгээс танилцуулдаг билээ. 
Энэ удаагийн хурлын ерөнхий зохион байгуулагчаар Монголын археологичдын холбоо, МУИС-ийн ШУС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхим, МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, хамтран зохион байгуулагчаар ШУА-ийн Археологийн хүрээлэн, ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэн, ШУТИС, Чингис хаан үндэсний музей, Монголын үндэсний музей, Соёлын өвийн үндэсний төв, Чингис хааны өв соёлын хүрээлэн зэрэг байгууллагууд ажиллаж байна.
“Монголын археологи” эрдэм шинжилгээний хурал нь өдгөө 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд монголын археологчид өнгөрч буй жилийнхээ ажлаа дүгнэж шилдэгүүдээ шалгаруулдаг уламжлалтай. 2025 онд археологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй байгууллагын 100 шахам археологийн малтлага судалгааны ажил хийгдэж олон арван олдвор хэрэглэгдэхүүн цуглуулж монголын түүхийн бараг бүхий л үеийг хамарсан өргөн цар хүрээтэй судалгааг явуулжээ. Монголын археологи 2025 эрдэм шинжилгээний хуралд тэдгээр хээрийн судалгааны ажлын үр дүн болох 100 шахам илтгэлүүд ирүүлсэнээс 36 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025 оны шилдэг судалгаагаар Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн хээрийн шинжилгээний ажлуудын нэг болох Л.Эрдэнэболд, Х.Мураока нарын удирдсан Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших “Олон сүмийн туурьт явуулсан малтлага судалгаа” шилдэг 5 судалгааны нэгээр шалгарлаа. Судалгааны багт баяр хүргэе.
