Монгол улсын ШУА-ийн Түүх,
угсаатны зүйн хүрээлэнгийн эрхлэн гаргаж буй “1921 оны Монголын хувьсгалын
түүхийн өгүүллүүд” 3 боть бүтээлийн
I ботид “Монголын хувьсгалын түүхийн зангилаа асуудлууд”
II ботид “Ардын журамт цэрэг ба Монгол орныг чөлөөлөх цэргийн ажиллагаа”
III ботид “Монголын хувьсгалын удирдагчид, түүхэн зүтгэлтнүүд”-ийн талаар өгүүлсэн юм.
Тус эмхэтгэлийн Нэгдүгээр ботид, Монголын түүх, нийгмийн шинжлэх ухааны салбарын эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн мэргэжлийн сэтгүүлүүд, эрдэм шинжилгээний хурлын материал хувьсгалын түүхийн зангилаа асуудлаар тусгайлан гаргасан эмхэтгэл зэрэгт хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүллүүд болон 1921 оны хувьсгалын зүтгэлтнүүдийн бичсэн цөөн тооны дуртгал-өгүүлэл багтсан байна.
Хоёрдугаар ботид, АЖЦ-ийн үүсэл, бүтэц бүрэлдэхүүн, удирдлага зохион байгуулалт, хүч бүрэлдэхүүн, зэвсэглэл, ахуй хангалт, Улаан армитай тогтоосон харилцаа холбоо, түүний ач холбогдол, харийн түрэмгийлэгчдийн эсрэг явуулсан зэвсэгт тэмцэл болон гэмин цагаантнаас учирсан хохирлын асуудлыг тусгаж, түүнчлэн АЖЦ-ийн түүхэнд холбогдох сурвалж судлал, АЖЦ-ийн түүхэн үүргийг үнэлэх асуудал, АЖЦ-ийг байнгийн цэрэг болгон хөгжүүлсэн асуудлыг хөндсөн сонирхолтой өгүүллүүд багтсан болно.
Гуравдугаар ботид, 1921 оны хувьсгалын удирдагчид болон түүхэн зүтгэлтнүүд болох “Анхны долоо”-гоос гадна цэргийн зүтгэлтнүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, хувьсгалд гар бие оролцсон гадаад хүмүүсийн талаар бичсэн судалгааны өгүүллүүд багтсан байна.