“МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ (XX, XXI ЗУУН)” ТАВАН БОТЬ БҮТЭЭЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО.
“МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ (XX, XXI ЗУУН)”  ТАВАН БОТЬ БҮТЭЭЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн сүүлийн жилүүдэд ХХ зууны Монголын түүхийн судалгааг шинэ шатанд гаргах зорилт тавин ажиллаж, 2003-2005 онд ”ХХ зууны Монголын нийгэм, улс төрийн түүхийн судалгаа” (Удирдагч доктор (Ph.D.) Н.Хишигт), 2009-2011 онд ”ХХ зууны Монголын нийгэм улс төр, эдийн засгийн түүхийн судалгаа” (Удирдагч доктор (Sc.D.) Ч.Дашдаваа), 2012-2014 онд “Монгол ба гадаад ертөнц (Монголын дундад ба шинэ үеийн түүхийн зангилаа асуудлууд. XIII-XX зуун) (Удирдагч доктор (Ph.D.) Ц.Цэрэндорж), 2015-2017 онд “ХХ зууны Монголын түүхийн тулгамдсан асуудлууд” (Удирдагч доктор (Ph.D.) Н.Хишигт), 2019-2021 онд “БНМАУ-ын нийгэм эдийн засгийн ололт: Туршлага, сургамж” (1954-1980-аад оны сүүлч) (Удирдагч доктор (Sc.D.) Б.Пунсалдулам), “БНМАУ: Социализм ба бурхны шашин” (1944-1990) (Удирдагч доктор (Ph.D.) Г.Мягмарсамбуу) сэдэвт суурь судалгааны ажлуудыг гүйцэтгэн, судалгааныхаа үр дүнгээр цөөнгүй бүтээл туурвиж нийтийн хүртээл болгосон билээ. Эдгээр судалгааны ажлынхаа үр дүнд тулгуурлан ХХ-XXI зууны Монголын түүхийн таван боть бүтээлийг бичиж хэвлүүлэв.

May be an image of 7 people and text
Нэгдүгээр боть. “Тусгаар тогтносон Монгол Улс” (1911-1921). Эл ботид XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн олон улсын болон Монголын улс төр, нийгэм-эдийн засгийн байдал, Манж чин улсын эрх баригчдаас Монголд явуулж эхэлсэн шинэ засгийн бодлогын мөн чанар, хор уршиг, түүнийг эсэргүүцсэн бослого, хөдөлгөөн нийлэн нэгдэж 1911 оны үндэсний хувьсгал болон өрнөсөн тухай, түүнчлэн уг хувьсгалын үр дүнд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, улс орондоо улс төр, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг явуулж байсан тухай өгүүлжээ.
Хоёрдугаар боть. “Монгол Улсын үндэсний ардчилсан хөгжлийн замнал” (1921-1940). Ардын хувьсгалын ялалт болон 1921-1924 онд гарсан улс төр, нийгэм-эдийн засгийн ардчилсан өөрчлөлт, хамжлагат ёсыг халж, Бүгд Найрамдах байгуулалд шилжсэн үйл явцыг энэхүү ботид бичжээ. Мөн Коминтерн, ЗХУ-аас эрх баригч МАХН-ын үндэсний ардчилсан чиг шугамыг хянан засварлах явдалд шилжсэн учир шалтгаан, түүний үр дагавар, үндэсний ардчилсан үзэлтнүүдийг “баруунтан” хэмээн хяхан хавчиж, МАХН-ын VII их хурлаар үндсэндээ “төрийн эргэлт” хийснээр Зүүнтнүүд засгийн эрхэнд гарч Монголд Зөвлөлт маягийн социализм байгуулах оролдлого хийсэн, түүнчлэн шинэ эргэлтийн бодлогын мөн чанар, улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хор уршиг, Халх голын дайн үүссэн шалтаг, геополитикийн учир шалтгааныг энэхүү ботид тусгав.
Гуравдугаар боть. “Дэлхийн хоёрдугаар дайны ба дараах үеийн БНМАУ”. Энэхүү ботид БНМАУ дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд улс орныхоо нийгэм-эдийн засаг, соёлыг дайны нөхцөлд зохицуулан удирдаж, Зөвлөлт эх орны дайн эхэлсэн үед Зөвлөлтийн эвслийн талд баттай зогсож, боломжтой бүхнээрээ, бүх хүч чадлаараа тусалсан үйл явц, үр дүн, Монголын эдийн засаг, соёлын амьдралд гарсан өөрчлөлт, дайны үеийн Монгол, Зөвлөлтийн харилцаа, хамтын ажиллагааны тухай бичжээ.
Дөрөвдүгээр боть. “БНМАУ-ын социалист бүтээн байгуулалт” (1954-1980-аад оны сүүлч). Энэхүү ботид тус улс социализмын замд шилжин орох урьдач нөхцөл, үзэл баримтлал, хэрхэн бүрэлдсэн, БНМАУ дан ганц Мал аж ахуйн орноос ХАА, аж үйлдвэрийн орон болон хөгжсөн түүхийг нэгтгэн дүгнэжээ. Түүнчлэн улс төрийн системд МАХН-ын үүрэг, БНМАУ-ын Үндсэн хууль (1960)-ийн үзэл санааг задлан шинжилснээс гадна тус улсын гадаад харилцаа, ЗХУ болон социалист орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, НҮБ-ийн бүрэн эрхт гишүүн болсон тухай өгүүлэв.
Тавдугаар боть. “Нийгмийн шинэ тогтолцооны үеийн Монгол улс” (1980-аад оны эхнээс эдүгээ хүртэл). Энэхүү ботид ЗХУ болон социалист орнуудын амьдралд хямралт байдал үүсэж, ЗХУ-д М.С.Горбачев “Перестройка” (өөрчлөн байгуулалт), “Гласность” (Ил тод байдал), “Новое мышление” (шинэ сэтгэлгээ) дэвшүүлж, социализмыг өөрийн нь хүрээнд эрс шинэтгэх үзэл санаа дэвшүүлсэн, тэрхүү үзэл санаа БНМАУ-д хэрхэн нөлөөлснийг авч үзнэ. ЗХУ задран унаснаар нийгмийг үндсээр нь өөрчлөх өөр арга замгүй гэдэг нь социалист орнуудын, ялангуяа БНМАУ-ын улс төр, нийгэм-эдийн засгийн байдал харуулсныг онол-арга зүйн шинэ хандлагаар авч үзнэ. 1990-ээд оны эхээр өрнөсөн Ардчилсан хөдөлгөөн, түүний үр дүн, улс төрийн тогтолцоо, ялангуяа ардчиллын хөгжил, төрийн тогтолцооны шинэтгэл, нийгэм-оюун санааны өөрчлөлт, зах зээлийн харилцааны шилжилт, Монгол Улсын олон тулгуурт нээлттэй гадаад бодлогын мөн чанар зэргийг авч үзнэ. Түүнчлэн Монгол Улс хөгжлийн шинэ сонголт хийх явцад тохиолдсон бэрхшээл, алдаа, оноог нэгтгэн дүгнэв.
Энэхүү таван боть бүтээлийг туурвихад ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс гадна МУҮТА, МУБИС, МУИС, АЕГ, Хүмүүнлэгийн Их сургууль зэрэг судалгаа шинжилгээний олон байгууллагын тэргүүлэх эрдэмтэн судлаачид оролцжээ.

May be an image of 1 person and text May be an image of 1 person
May be an image of 1 person and dais May be an image of 2 people and text
May be an image of 2 people and text

Монгол Улсын түүх (XX-XXI зуун) таван боть бүтээлийн зохиогчид.


Бусад мэдээлэл