СЭЦЭН ХАН АЙМГИЙН ИЛДЭН ЗАСГИЙН ХОШУУ: ТҮҮХ, ШАШИН, СОЁЛЫН АСУУДАЛ сэдэвт эрдэм шинжилгээний хурал болов
СЭЦЭН ХАН АЙМГИЙН ИЛДЭН ЗАСГИЙН ХОШУУ: ТҮҮХ, ШАШИН, СОЁЛЫН АСУУДАЛ сэдэвт эрдэм шинжилгээний хурал болов

Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, "Талын язгууртан" сантай хамтран зохион байгуулдаг “Хошуу нутаг судлал” цуврал эрдэм шинжилгээний хурлын 2 дахь хурал “Сэцэн хан аймгийн Илдэн засгийн хошуу: түүх, шашин, соёлын асуудал” сэдвийн доор Дорнод аймгийн Халхгол суманд 2022 оны 8 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд болов.

 

Тус хурлыг Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Халхгол сумын Засаг даргын тамгын газар, Дорнод аймгийн Соёл, урлагийн газар, Ялалт музей, "Халхын голын түүх, соёл, байгалийн өв" ТББ хамтран зохион байгууллаа.


 

Эрдэм шинжилгээний хурлын нээлтийн ёслол, нэгдсэн хуралдаан 8-р сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сумын Соёлын төвд болсон бөгөөд хуралдааныг “Халхын голын түүх, соёл, байгалийн өв” ТББ-ын тэргүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Мягмарсүрэн хөтлөн явуулж, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D.), дэд профессор Ц.Цэрэндорж, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ, “Талын язгууртан” сангийн гүйцэтгэх захирал Б.Батсайхан нар мэндчилгээ дэвшүүлэв. Хурлын үндсэн илтгэлийг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D.), профессор Г.Мягмарсамбуу хэлэлцүүлэв. 



Салбар хуралдаанууд “Илдэн засгийн хошууны түүх, шашин, соёл” сэдвээр Соёлын төвийн хурлын танхимд, “Домогт Халхын гол: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвээр “Ялалт” музейн  хурлын танхимд тус тус болсон бөгөөд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Ph.D.), профессор Н.Хишигт, доктор (Ph.D.) профессор А.Пунсаг, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D.), профессор Г.Билгүүдэй, Монгол Улсын Үндэсний төв архивын захирал Т.Сайнжаргал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким, доктор (Ph.D.), профессор С.Батмөнх, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Бадамсамбуу нарын зэрэг эрдэмтэн, судлаачид Сэцэн хан аймгийн Илдэн жүн вангийн хошууны түүх, соёл болон домог түүхт Халхгол нутгийн түүх, соёлын олон талт асуудлаар нийт 20 гаруй сонирхолтой илтгэлийг хэлэлцүүллээ.


Хуралд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтдээс гадна, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Археологийн хүрээлэн, МУБИС, Архивын Ерөнхий Газар, Чингис хаан музей, МУИС, ХААИС, Дорнод Их сургууль, Батлан хамгаалахын төв архив, ШУТИС зэрэг эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаач, хувь судлаачид оролцов.  







 





            Мөн 8-р сарын 20-ны өдөр эзэн Чингис хааны үнэнч нөхөр Хуйлдар сэцэнийг оршуулсан Орнугын Хэлтгий хад гэдэг газар хэмээн таамаглаж буй газартай танилцах аяллыг зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй боллоо.




Тус эрдэм шинжилгээний хурал эх түүх судлалын нэгэн чухал чиглэл болох орон нутаг судлалыг хөгжүүлэхэд түлхэц өгч, цаашдаа Халхгол нутгийг түүх, угсаатны судлал зэрэг олон чиглэлээр нарийвчлан судалж, түүхэн аялал жуулчлалын томоохон түшиц газар болгох эхлэлийг тавилаа хэмээн үзэж байна.


Эрдэм шинжилгээний хурал, танилцах аяллыг амжилттай хамтран зохион байгуулсан Дорнод аймгийн болон Халхгол сумын Засаг даргын тамгын газар, Дорнод аймгийн Соёл, урлагийн газар, Ялалт музей, "Талын язгууртан" сан, "Халхын голын түүх, соёл, байгалийн өв" ТББ, Хилийн цэргийн дугаар ангийн удирдлага, хамт олонд гүн талархал илэрхийлье.


Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхэтгэлийг ойрын үед хэвлэн нийтлэх болно.






 





Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
3 жилийн өмнө