Халхын голын дайны түүхэн судалгаанд тухайн үед хэвлэгдэж байсан тогтмол хэвлэлийн мэдээ, материалууд нь түүхийн судалгааны гол эх сурвалж болдог. Тиймээс дээрх судалгаанд нэмэр болгох зорилгоор, энэ удаад “Үнэн”, “Ардын үндэсний эрх”, “Залуучуудын үнэн”, “Улаан одон”, “Эх орны төлөө” сонинуудад хэвлэгдсэн материалыг судалж, 155 мэдээ, нийтлэл, өгүүллийг сонгон авч, монгол бичгээс кирилл үсэгт буулган эмхэтгэв.
БНМАУ-ын улс төрийн бодлого, зорилт, дотоод, гадаад байдлыг тусгаж, сурталчлах үүргийг хүлээсэн “Үнэн”, “Ардын үндэсний эрх”, “Залуучуудын үнэн” сонинууд нь Засгийн газар, МАХН-ын Төв Хорооны тогтоол шийдвэр, БНМАУ-д халдан довтолсон Япон, Манжийн түрэмгийлэгчдээс улс орноо хамгаалах тухай болон МАХЦ-ийн хөгжилт бэхжилт, түүний үүргийн талаар төр, засгийн удирдагчдын хэлсэн үг, илтгэл, бичсэн өгүүлэл, гадаад дотоодын сонин сурвалжлагчдад өгсөн ярилцлага, ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжны тушаал, БНМАУ-ын дорнод хил дээр гарсан өдөөн хатгалгыг зогсоох, хилийн будлианыг зохицуулах тухай чухал үйл явдлуудыг тэмдэглэсэн байдаг.
Ялангуяа дээрх тогтмол хэвлэлүүдэд, манай улсын Засгийн газраас Манж Го улстай харилцан солилцсон ноот бичгүүд, Монгол, Зөвлөлтийн Харилцан Туслалцах Протокол, Халхын голын дайны гал зогсоох тухай Зөвлөлт-Японы хэлэлцээ, хилийн асуудлаар байгуулсан хамтарсан комиссын талаарх мэдээллийг өргөнөөр агуулсан бол, цэргийн төв хэвлэл - “Улаан одон” болон “Эх орны төлөө” сонины хуудаснаа фронтын байдал, байлдаан тулаан, МАХЦ-ийн морьт цэргийн дивизүүд, Зөвлөлтийн улаан цэргийн анги хороодын дарга цэрэг, их буучид, нисгэгч нарын байлдааны амжилтын талаар нэр заан бичсэн товч мэдээнүүд ба өдөр тутмын “Байлдааны мэдээ”-нүүд зонхилдог.
Дээрх эмхэтгэлд багтсан, үйл явдлын халуун мөрөөр бичигдэж, фронтын анги нэгтгэлүүд, Монгол, Зөвлөлтийн цэргийн командлалаас ирж байсан Байлдааны шуурхай мэдээнүүд нь БНМАУ-ын нутаг дэвсгэр Халхын голын районд болсон цэрэг дайны ажиллагааны үе шат, байлдагч талуудын зорилго, хүн хүч, зэвсэг техникийн чадавх, ялалт ба ялагдал, хохирол, цэргийн ажиллагааны үр дүнг нарийвчлан судлахад чухлаар холбогдох юм. Түүнчлэн бусад олон төрлийн мэдээ нийтлэлүүд нь БНМАУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө эрэлхгээр тулалдсан, амиа өргөсөн монгол, зөвлөлтийн мянга мянган цэрэг эрсийн нэр, гавьяат үйлс, харийн халдан довтлогчдоос эх нутаг, газар шороогоо хамгаалсан ардын хувьсгалт цэрэгтээ ард олон, албан байгууллагуудаас илгээсэн эд материалын ба сэтгэл санааны тусламж дэмжлэг, дайны төгсгөл үеийн улс төр, дипломатын үйл явдлууд, Халхын голын ялалтыг мөнхжүүлэх, ойг тэмдэглэх тухай талаар гаргасан шийдвэр, арга хэмжээ зэрэг олон асуудлыг нэхэн судалж бодитоор харж үнэлэх боломжийг өргөжүүлж, сэдвийн судалгааны эх сурвалжийн баазыг өргөтгөхөд тус нэмэр болох юм.