“Түүх судлалын голомт-100 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл хэвлэгдэн гарав.
“Түүх судлалын голомт-100 жил” олон улсын  эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл хэвлэгдэн гарав.

Монгол улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн 100 жилийн ойд  зориулан 2021 оны 12 дугаар сарын 16-нд зохион байгуулсан “Түүх судлалын голомт-100 жил” олон улсын  эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл хэвлэгдэн гарав.

Эмхэтгэлийн Нэгдүгээр хэсэгт: Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн 100 жилийн ойд баяр хүргэсэн Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлт, Монгол улсын Шинжлэх Ухааны Академи, Олон улсын Монгол судлалын холбоо, Оросын ШУА-ийн Москва, Санкт-Петербург хот, Алс Дорнодын салбар, Сибирийн салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд,  Оросын Угсаатны музей, ОХУ-ын Бүгд Найрамдах Тыва улсын Үндэсний музей,  БНСУ-ын Соёлын өвийн үндэсний хүрээлэнгийн Соёлын өвийн төв, БНУУ-ын ШУА-ийн Хүмүүнлэгийн судалгааны төв, Япон улсын Тохокү их сургуулийн Зүүнхойт Азийн судалгааны төв зэрэг монгол судлалын төвүүд, Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар, “Россотрудничество” нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Их засаг их сургууль, Чойжин ламын сүм музей зэрэг гадаад, дотоодын байгууллагуудын мэндчилгээ,

Хоёрдугаар хэсэгт: Монголын түүх судлалын үйл хэргийг нэгэн зууны турш эрхэлж, түүхийн шинжлэх ухааны олон салбарыг эх орондоо үүсгэн хөгжүүлэх, үндэсний түүхч эрдэмтдийн дэг сургуулийг бий болгоход онцгой үүрэгтэй оролцож ирсэн тус хүрээлэнгийн түүхэн замнал, судалгааны чиглэл, Монголын сурвалж судлал, түүх бичлэг,  археологи, угсаатны зүйн судалгаа, Ойрхи үеийн түүхийн судалгааны үр дүн, бүтээл туурвил, гадаад, дотоод хамтын ажиллагаа, Монгол орныг судалсан хээрийн шинжилгээний ангиудын цуглуулсан монголчуудын угсаа түүх, шашин сүм хийд, соёлын түүхэнд холбогдох баримт,  гэрэл зураг зэрэг эх хэрэглэгдэхүүний талаар танилцуулсан Монгол улс, ОХУ,  Япон улсын 18 эрдэмтний 14 илтгэлийг багтаажээ. 

Тэдгээр илтгэлүүдэд хөгжил дэвшил, ололт амжилт, хүндрэл бэрхшээлийн даваа нугачааг туулсан Түүхийн хүрээлэнгийн эрдмийн хамт олон түүх, археологи, угсаатны зүй, түүх бичлэг, сурвалж судлалын олон арван суурь бүтээлийг туурвиж, түүхийн шинжлэх ухааны үндэсний дэг сургуулийг бий болгон, Монгол Улсынхаа албан түүхийг нэг, гурав, таван ботиор бичихэд гол үүрэг гүйцэтгэж, үндэсний түүхч, археологич, угсаатан судлаач мэргэжилтнийг их дээд сургуулиудад бэлтгэхэд оролцож, нийгмийн гишүүдэд түүхийн мэдлэг олгох, үндэсний түүх, соёл, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд хүчин зүтгэж, Монгол орон, монголчуудын түүхийг гадаад ертөнцөд таниулах үйлсэд бүтээл туурвил, олон талт хамтын ажиллагааныхаа туршлагаар хувь нэмрээ оруулж буйг бахархан тэмдэглэж, цаашдын судалгаа, хамтын ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлсэн байна.




Бусад мэдээлэл