“Зүүн Хойд Азийн Судалгааны Төв” Монгол улсад нээлтээ хийлээ.
“Зүүн Хойд Азийн Судалгааны Төв” Монгол улсад нээлтээ хийлээ.


Өнгөрсөн жил Европын эрдэмтэд Сибирь, хойд Хятад, төв Азийн судалгааны гол төв “Төв ба Дотоод Ази судлалын нийгэмлэг”-ийг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнг түшиглэн байгуулсан бол Японы Хүмүүнлэгийн үндэсний хүрээлэн Зүүн хойд Азийн судалгааны хөтөлбөрийг санаачлан, улмаар  энэ оны 7 дугаар сарын 28-ны “Зүүн хойд  Азийн судалгааны төв”-ийг мөн тус хүрээлэн дээр нээлээ. Тус төв байгуулагдсанаар Монгол улс бүс нутгийн төдийгүй дэлхийн томоохон судалгааны төвүүдтэй нэг сүлжээнд орж байгаагаараа ач холбогдолтой билээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Японы талаас Японы Хүмүүнлэгийн үндэсний хүрээлэнгийн ерөнхийлөгч, доктор Нарифуми Тачимото, Японы Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү, Хоккайдо их сургуулийн профессор Акихиро Ивашита, Тохоку их сургуулийн профессор Хироки Ока болон холбогдох албаны хүмүүс,  монголын талаас Монгол улсын ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл болон БСШУЯ-ны төлөөлөл оролцлоо.

Энэ удаагийн Зүүн хойд Азийн судалгааны хөтөлбөрийг голлон эрхэлж буй Японы Хүмүнлэгийн үндэсний хүрээлэн нь өөрийн бүрэлдэхүүнд Киотогийн Байгаль-Хүмүүнлэгийн хүрээлэн, Японы Хэл шинжлэлийн хүрээлэн, Осакагийн угсаатны музей, Токиогийн Түүхийн музейг хариуцсан томоохон байгууллага юм. 

 “Зүүн хойд Азийн судалгааны төв”-ийг манай улсад байгуулснаар манай эрдэмтэд зөвхөн өөрсдийн эх орны хэмжээнд судалгаа явуулах бус улсынхаа түүхийг бүс нутгийн  хэмжээнд судлах, хамтран ажиллах өргөн боломж нээгдэж байгаа юм. Тэр дундаа томоохон улсуудаас хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээний ажлын хүрээнд монгол улсад албан ёсны төвтэй болсноор олон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломж нээгдэж байна. Тухайлбал эрдэмтэн солилцох, туршлага хуваалцах, судалгаа хийх, урт боогино хугацааны бодитой, цогц судалгааг хэрэгжүүлэх боломжтой юм.

Шинээр байгуулагдах төвийн үйл ажиллагаанд ШУА-ийн салбар бүрийн эрдэмтэд болон их, дээд сургуулийн багш, судлаачид нээлттэй оролцох боломжтой бөгөөд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн энэ төвийг удирдах, зохион байгуулах ажлыг хариуцах юм.

Эхний ээлжинд Зүүн хойд Азийн 400 гаруй жилийн турш өрнөсөн нийгэм, түүхийн үйл явцыг хамтран судлахаар болоод байна. Үүний дараа археологи, соёлын өв, орчин үеийн эдийн засгийн өөрчлөлт, улс төрийн харилцан ойлголцол зэргийг үе шаттайгаар судлах юм.

Монгол, Япон 2 улс шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны хүрээнд олон ажлуудыг хамтран гүйцэтгэж ирсэн. Тухайлбал өнгөрсөн 1 дүгээр сард ШУА-ийн ерөнхийлөгч агсан Б.Энхтүвшин Япон улсад айлчилж, ШУА-ийн албан ёсны төвийг байгуулах гэрээнд гарын үсэг зурсан юм. Ингэснээр Монголын судалгааны төвийг Осака хот дахь Угсаатны Үндэсний музейд нээж байжээ

 

Мэдээ бэлтгэсэн: О.Эрдэнэцэцэг


Бусад мэдээлэл