Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Түүхийн шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор, С.Чулуун Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Академич хэргэм хүртлээ.
Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Түүхийн шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор, С.Чулуун Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Академич хэргэм хүртлээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Академич” хэргэм хүртээх тухай зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Их чуулганаас сонгогдсон эрдэмтдэд Академич хэргэм хүртээлээ.

Дэлхийн болон өөрийн орны шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үйлсэд эрдэмтдийн оруулж буй хувь нэмрийг төрөөс хүндэтгэх, Шинжлэх ухааны академийн гишүүний нэр алдрыг өргөмжлөх, эрдэм судлалын ажлыг урамшуулах зорилгоор 2005 оноос эхлэн Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон эрдэмтдэд Монгол Улсын Ерөнхийлөгч “Академич” цол хүртээж байхаар болсон юм.

    Энэ дагуу 2018 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган болж, доктор Б.Авид Б.Бурмаажав, С.Дэмбэрэл, С.Чулуун, О.Чулуунбаатар, Р.Шагдарсүрэн, Х.Энхжаргал нарыг академийн гишүүнээр сонгожээ.

Дээрх эрдэмтдийг Шинжлэх ухааны академиас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Академичийн хэргэм олгуулахаар уламжилсны дагуу өнөөдөр эрдэмтдэд академич хэргэм олгосон юм.

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн өргөн мэдүүлснээр дараах нэр бүхий эрдэмтдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Академич” хэргэм хүртээв.

  1. Бүдээбазарын Авид
  2. Бадрахын Бурмаажав
  3. Содномсамбуугийн Дэмбэрэл
  4. Сампилдондовын Чулуун
  5. Очбадрахын Чулуунбаатар
  6. Рүвжирийн Шагдарсүрэн
  7. Халтарын Энхжаргал




































“Эрхэм хүндэт академичид аа,

Судалгаа шинжилгээний нөр хөдөлмөр, бүтээл туурвилаараа шалгаран, эрдэм мэдлэгийн орой болсон “Академич” хэмээх хэргэмийг хүртсэн шилдэг эрдэмтдэдээ чин сэтгэлийн баяр хүргэж, үйлс нь арвижин дэлгэрэхийн ерөөл дэвшүүлье.

Хубилай сэцэн хааны бодлогоор найман зууны тэртээ шинжлэх ухааны байгууллагын үндэс суурийг тавьж байсан уламжлалтай. Төрийн бодлогын энэ чиг шугам одоо ч хадгалагдаж Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд аюулгүй байдлыг “… хангах үйл ажиллагаа нь мэдлэг, мэдээлэл, дүн шинжилгээнд суурилна” гэсэн заалтаар тусгагдсан бөгөөд холбогдох бусад олон хууль тогтоомж, бодлого хөтөлбөрүүдэд шинжлэх ухааны байгууллагын хууль эрх зүйн үндсийг тусгасан байдаг.

Шинжлэх ухааны Академи, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран Иргэний танхимд төрийн бодлого, үйл ажиллагаанд эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж, тодорхой ойлголцолд хүрсэн.

Сайн нийгэм, өндөр хөгжлийн үндэс зөвхөн эрдэм шинжилгээ, эрдэмтдийн судалгаанд л байдаг. Өнөөдөр хими, химийн технологгүй, инновацгүй, анагаах ухааны судалгаагүй эрүүл монгол хүн буй болохгүй, од эрхэс, геологийн цогц судалгаагүйгээр зөв уул уурхай хөгжихгүй, түүх соёлгүйгээр үнэ цэнтэй Монгол Улсыг буй болгохгүй, техник технологийн зөв шийдэлгүй орчин үеийн өндөр технологи эзэмшиж чадахгүй.

Тэгвэл өнөөдөр академич хэргэм олгож буй эрдэмтэн судлаачид маань өөр, өөрийн судалгаа шинжилгээг дээрх олон чиглэлийг зөв хөгжүүлэх үндсэн судалгааг нөр их хөдөлмөрөөрөө хийсэн. Цаашид ч та бүхний эрдэм судлалын үр өгөөж Монгол Улсын хөгжил дэвшилд асар чухал юм.

Харин төр засаг аливаа ажил бүрээ эрдэм судалгааны зөв үр дүнд тулгуурлан, эрдэмтэн судлаачдаа өргөнөөр ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Ингэж байж улс орноо зөв, богино хугацаанд хөгжүүлж чадах учир эрдэмтдийг төлөөлүүлэн энэ хүндэт шагналыг гардуулан өгч байна.

Эрдэм судлал улам бүр өргөжих болтугай” гэлээ.


САМПИЛДОНДОВЫН ЧУЛУУН: ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор.

С.Чулуун нь 1995-1999 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн ухааны факультетад түүхч мэргэжлээр суралцан төгссөнөөс хойш Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн /1999-2001 он/, МУИС-д багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга /2004-2010 он/, Түүхийн хүрээлэнгийн захирал /2010-2015 он/,  Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал  /2015 оноос хойш/-аар, 2016 оноос ОУМСХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргыг хавсран ажиллаж байна.

Тэрээр Монголын түүхийг менежментийн шинэ шатанд гаргах, бүс нутаг болон олон улсын түвшинд хүргэх, эрдэмтдийн нэгэн шинэ үеийг буй болгож бэлтгэх, монголын түүх, соёлын цогц судалгааг онол-арга зүйн шинэ шатанд гаргах, монгол судлалыг монгол улсад төвлөрүүлэн хөгжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулж байгаа юм.

Тэрээр  өмнө нь судлаагүй түүхийн цагаан толбо байсан 17 зууны монголын хот сууриныг цогцоор нь малтан судлах ажлыг анх удаагаа санаачлан эхлүүлж, удирдан хэрэгжүүлж байна.

Түүний судалгааны гол чиглэл нь Монголын эзэнт гүрний дараах үеэс ХХ зууны эхэн хагас хүртэлх үеийн бүс нутгийн улс төр, эдийн засаг, соёлын харилцааны түүх, Монголын улс төрийн зүтгэлтнүүдийн намтар үйл ажиллагаа, сурвалж бичгийн судалгаа юм.  С.Чулуун 17 зууны Монголын түүхийг Орос, Манжийн харилцаатай холбон 20 гаруй жил цогцоор нь судлахдаа монголын түүхийн судалгаанд гадаад орнуудад, ялангуяа хөрш хоёр улсад хадгалагдаж буй монгол, манж сурвалж хийгээд археологийн дурсгалтай хослуулан судлах онол, арга зүйн шинэ шийдэл, хандлагыг бий болгож, түүнийгээ баримталсан  томоохон суурь бүтээлүүд туурвиж байгаагаараа түүхийн судалгаанд өөрийн гэсэн дэг сургууль бий болгох ажлыг эхлүүлж чаджээ.

Түүний судалгаа, бүтээлүүд нь  дэлхийгээр тархан хадгалагдаж буй түүхийн болон археологийн маш өргөн хэмжээний мэдээ баримт, сурвалж хэрэглэгдэхүүнд суурилж чаддагаараа монголын түүхийн шинжлэх ухааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа билээ.

Монгол улсаас олдоогүй байсан Монголын түүхийн тулгар 5 эх сурвалжийн нэг “Эртний хаадын үндэслэсэн Их шар тууж” зохиолыг шинээр олж сурвалжийн судалгаа хийж нийтлүүлснээр олон улсын Монгол судлалын хүрээнд “Чулууны шар тууж” нэрээр тэмдэглэгдэн ОХУ, Унгар, БНХАУ, Япон, Солонгос зэрэг орны мэргэжлийн сэтгүүлд нэртэй эрдэмтэд бичиж тэмдэглэсэн байна.

Түүний санаачлан удирдаж буй “Дэлхийд тархсан монгол өв” төслийн хүрээнд одоогоор 50 цувралыг хэвлүүлж, олон зуун сурвалж хэрэглэгдэхүүнийг анх удаагаа судалгааны эргэлтэд оруулжээ. Түүний бүтээлүүд нь Орос, Хятад, Солонгос, Япон, Франц, Герман, Англи, Монака, АНУ, Польш, Унгар зэрэг 20 гаруй орны судалгааны сэтгүүл, хэвлэлийн газарт нийтлэгдсэн байна.

С.Чулууны нийт бүтээлийн тоо 196, үүнээс хамтын бүтээл болон монограф 34 үүнээс 9 бүтээл нь гадаад улсад, эрдэм шинжилгээний өгүүлэл 84, үүнээс гадаад улсад 33, эрдэм шинжилгээний илтгэл 61, сурах бичиг, эрдэм шинжилгээний тайлан, толь, сурвалж бичиг 12-ыг туурвисан, гадаадын шинжлэх ухааны 8 байгууллагын гишүүнчлэлтэй эрдэмтэн юм.

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/236740?fbclid=IwAR3Lu2BqcetaVlbSNXBipwfhFF8xjANIVLFsPMrog9Z5MmkUSnfriNbxPJ0


Бусад мэдээлэл