ЕВРАЗИЙН ЭРТНИЙ ТӨМӨРЛӨГИЙН СУДЛААЧ ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖИЛТНҮҮД МОНГОЛД ЧУУЛЛАА
ЕВРАЗИЙН ЭРТНИЙ ТӨМӨРЛӨГИЙН СУДЛААЧ ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖИЛТНҮҮД МОНГОЛД ЧУУЛЛАА


ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Их Британий Оксфордын Их сургуулийн Археологийн сургуулийн хамтран “FLAME-МОНГОЛ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхрын хурлын танхим зохион байгууллаа.

Хурлыг нээж ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун нар үг хэлсэн юм.

Хурлыг нээж ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид хэлсэн үгэндээ “Нүүдлийн соёл иргэншлийн үндсэн голомтын нэг болох Монгол орон, түүний баялаг түүх соёл олон орны судлаач эрдэмтдийн анхаарлыг соронзон мэт татсаар зуу илүү жил өнгөрчээ. Шинжлэх Ухааны Академи ч Монголын эртний түүх соёл, археологийн судалгааг тэргүүлэх чиглэл хэмээн үзэж анхаарлын төвдөө байлгасаар ирсэн билээ. Монголын археологичдын сүүлийн жилүүдэд хийсэн олон нээдтүүд нүүдлийн соёл иргэншлийг ойлгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Ийнхүү Евразийн археологи, эртний төмөрлөгийн тэргүүлэх мэргэжилтнүүдтэй хамтран ном хаялцаж, харилцан туршлага солилцож, мэдээллээ хуваалцахын зэрэгцээ Монголын археологийн сүүлийн үеийн ололтуудыг танилцуулах энэхүү хурал нь манай судлаачдын хувьд олзуурхууштай тохиол боловуу. Цаашид ч Оксфордын  их суургуулийн Археологийн сургууль ба Монголын археологичдын хамтын ажиллагаа амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Оксфордын Их сургуулийн Археологийн сургуулиас хэрэгжүүлж буй “FLAME-Евразийн эртний төмөрлөгийн судалгаа” төслийн хүрээнд цуврал эрдэм шинжилгээний хурлыг төслийн түнш байгууллагуудад Оксфордын, Москва, Улаанбаатар, Бээжин хотуудад зохион байгуулж байна. Тус төслийн гадаад түншийн нэгээр ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн судалгааны салбар ажиллаж байна.

Уг төслийн зорилго нь Евразийн хэмжээнд, түүний дотор тал нутгийн хүрэл зэвсгийн үйлдвэрлэлийн гарал үүсэл, түүхэн хөгжил, эртний хүрлийн үйлдвэрлэлийн технологи ба судалгааны арга зүйг боловсронгуй болгох, газарзүй мэдээллийн системд тулгуурлаж Евразийг бүхэлд нь хамарсан нэгдсэн мэдээллийн сан бүтээхэд чиглэжээ.

Улаанбаатар хотод болж буй энэ удаагийн хуралд Евразийн хүрлийн үеийн үйлдвэрлэлийн асуудлуудыг хөндөх төдийгүй Монголын ба хөрш зэргэлдээх бүс нутгийн хүрлийн үеийн Археологийн соёлуудын судалгааны өнөөгийн байдал, шинэлэг мэдээллийг агуулсан 8 илтгэлийг хэлэлцүүллээ.


Бусад мэдээлэл