Монгол Улсын Шинжлэх ухааны академийн тэргүүлэх судлаач Н.Ганбат тэргүүтэй судалгааны баг хамтарсан судалгааны төслийн хүрээнд Монголын түүхийн өвийг судлахаар есдүгээр сарын 26-ны өдөр Тайванийн Үндэсний хааны ордон музейг зорив.
Төсөлд Үндэсний хааны ордон музейд хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний үеийн түүх, соёлын дурсгалт өвийг дижитал эмхэтгэлд оруулан улмаар Монгол улсын Үндэсний төв музей, орон нутгийн музей, Монголын түүх судлаачид хамтран төрөл зүйл гарал үүслийн судалгаа хийгдсэн материалуудад дүн шинжилгээ хийн хэвлэх юм. Хамтарсан төсөл нь дөрвөн жил үргэлжлэх бөгөөд эхний шат нь бодит түүхийн дурсгалт өвийн зүйлсийг судлах бол хоёрдугаар шатанд сурвалж бичгийн судалгааны ажил хийгдэх юм.
“Тайванийн Үндэсний хааны ордон музей бол олны таашаалыг хамгийн ихээр хүртсэн дэлхийн түүхийн музейн нэг юм. Музейн сан хөмрөгт эртний соёлын дурсгалт 700 мянга гаруй үзмэр байгаагийн дийлэнх хувь нь Монголын түүхтэй холбоотой юм. Соёлын эдгээр үнэт өвүүд нь Монголын түүхийн чухал үеийг илэрхийлэх бөгөөд энэ удаагийн судалгааны ажлын үр дүн нь хүн төрөлхтний түүхийн хуудаснаа Монгол улсын асар том амжилтыг бүтээх болно хэмээн найдаж байна. Энэхүү төсөлд дэмжлэг үзүүлсэн Үндэсний хааны ордон музейн хамт олонд талархсанаа илэрхийлье. Үнэндээ 2015 онд Тайвань-Монголын хамтран бүтээсэн “Тайванийн Үндэсний хааны ордон музей дэх Монголын түүх, соёлын өв дурсгалууд” ном хэвлэгдэн гарсан нь маш чухал үндэс суурь болж өгсөн юм” хэмээн Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Хуан Куо Рун хэллээ.
2014 оноос Монгол дахь Тайванийн төлөөлөгчийн газар, Монголын Шинжлэх ухааны академи, Тайванийн Үндэсний хааны ордон музей хоорондын хамтын ажиллагаа эхлүүлснээр Монголын түүхэн дэх өвөг дээдсийн тухай бүдэг түүхийн хуудсыг тодотгож ард иргэдийн иргэний боловсролд тодорхой хувь нэмэр оруулж байгаа юм. Монголын Шинжлэх ухааны академи, Тайванийн Үндэсний хааны ордон музейн хооронд олон удаа харилцан хэлцэл хийгдсэний үндсэн дээр энэ оны долдугаар сарын 7-ны өдөр Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар судалгааны төсөл хэрэгжихээр болсон. Энэ дагуу Монголын Шинжлэх ухааны академийн гурван судлаачийн бүрэлдэхүүнтэй баг Тайванийг зорин эхний шатны судалгааны ажлаа эхлүүлж байна.
Эх сурвалж: https://news.mn/mobile/12063?id=12063