ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар нар хамтран Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь “Хүүхдийн овоо”-нд хийсэн археологийн дурсгалын хайгуул болон сорилын малтлага судалгааны 2018 оны хээрийн шинжилгээний ажлын тайланг хэлэлцэх, цаашид авах арга хэмжээг тодорхойлох хэлэлцүүлэг Улаанбаатар хотноо Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн хурлын танхимд 2 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэгийн үеээр
эл хайгуул судалгааг хийсэн Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх
археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний Ахлах ажилтан, багийн ахлагч доктор
А.Энхтөрийн археологийн урьдчилсан хайгуул малтлага, судалгааны ажлын тайлан
болон Халхгол сумын Ялалт музейн Захирал Л.Мягмарсүрэн “Хүүхдийн овооны тухай”
хийсэн түүхэн судалгааг танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэнгийн Захирал, Академич С.Чулуун, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Соёлын гавъяат зүтгэлтэн Г.Аким, Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтэн н.Анхбаяр, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа, Халхгол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ, Улаанбаатар хот, Чойбалсан хот дахь Халхгол сумын нутгийн зөвлөлийн төлөөлөл, Гандантэгчилэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалан нарын холбогдох албаны хүмүүс оролцов.
Хэлэлцүүлэгт
оролцогчид тус түүх соёлын дурсгалт газрын орчим аялал жуулчлалыг хөгжүүлэх, уламжлалт
аргад суурилсан хүүхдийн хөгжил, хүмүүжилийн цогцолбор болгох, өргөн хүрээнд
судалгаа шинжилгээний баг ажиллуулах, санал санааачлагыг хэрэгжүүлэх ажлын
хэсэг байгуулах зэрэг саналуудыг дэвшүүллээ.
Улмаар Монгол улсын хууль, тогтоомж, Засгийн газраас Соёл, шинжлэх ухаан, боловсролын талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, зорилго зорилттой уялдуулан Дорнод аймгийн хэмжээнд түүх археологи, угсаатан зүйн цогц судалгаа явуулах шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан түүхэн дурсгалуудыг хадгалах хамгаалах, сэргээн засварлах, сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэх талаар санал солилцож хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.