ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнд Их хөлгөн судар “Ганжуур, Данжуур”-ын бүрэн эхийг залах ёслол болов. Ёслол 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 16.00 цагт Хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байрын хурлын зааланд боллоо. Модон барын их хөлгөн судар “Ганжуур, Данжуур” залах ёслолд ШУА-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч академич Л.Рэгдэл тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирсэн байна. Ёслолын ажиллагааг нээж Түүх, археологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор С.Чулуун үг хэлж академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Л. Рэгдэл мэндчилгээ дэвшүүлэн өглөгийн эзэн мэргэн гэгээн хийдийн тэргүүн цорж Мөнхбат нар их хөлгөн судрын тухай, энэхүү судрыг Монгол улсад залахын өмнөх бэлтгэл ажил зэргийн талаар товч өгүүлсэн бол ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Отгонбаатар, ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач Шонхор нар “Ганжуур, Данжуур”-ын судалгааны тойм сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Энэхүү модон барын их хөлгөн судрыг Монгол улсад залахад БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Мэргэн гэгээний хийдийн цорж лам Мөнхбат, БНХАУ-ын иргэн буяны үйлд даган баясагч Гуо Хуйжэн, Гонкон дахь бурханы шашны зүтгэлтэн Жин кун лам тэргүүтэй өглөгийн эздийн хичээл зүтгэл, дэмжлэгээр энэхүү 108 боть Ганжуур, 225 боть Данжуур болон 40 дэвтэр Сангийн ном, 25 дэвтэр Сүмбэм зэргээс бүрдэх их хөлгөн судрын нэг хувь нь Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнд залагдсан бол хоёр дахь хувийг Монгол улсын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд залсан ажээ.
Монгол оронд бурханы шашин хэдэнтээ дэлгэрсэн бөгөөд анх дэлгэрсэн цагаас эхлэн бурханы шашны сургаал номлолыг эх хэлнээ орчуулах ажлыг хийж эхэлжээ. Тэдгээрийн хамгийн том нь бурханы шашны их хөлгөн судар болох “Ганжуур”, “Данжуур” билээ. Бидэнд уламжлагдан ирсэн мэдээгээр “Ганжуур”, “Данжуур”-ыг анх Монголын Юань улсын Өлзийт Төмөр хааны үе (1295-1307)-д их гүүш Чойжи-Одсэр тэргүүтэн монгол хэлнээ орчуулсан ажээ. Хожим нь Монголын сүүлчийн их хаан Лигдэн Хутагт хааны үед Гунгаа-Одсэр тэргүүтэй мэргэд “Ганжуур”-ыг монгол хэлээр гүйцээн орчуулж, алтан үсгээр бичсэнээс гадна, модон бараар хэвлэн тархаажээ. Дээрх бичмэл “Алтан Ганжуур” нь Лигдэн хааны их шүтээн алтан Махгал бурхан, эзэн Чингисийн хасбуу тамгын хамт “гурван эрдэнэ шүтээн” хэмээн алдаршиж, Монголын төр, шашны гол бэлгэдэл болж байв.
Харин “Данжуур”-ыг монгол хэлнээ орчуулах ажил 1720-оод оны үед эхэлсэн бөгөөд энэхүү орчуулгын ажлыг хийхийн өмнө бурханы шашны нэр томьёог зөв оноох, жигдлэх үүднээс “Мэргэд гарахын орон” хэмээх нэр томьёоны толь бичгийг зохиожээ. Тийнхүү Жанжаа хутагт Ролбийдоржийн удирдлагаар 200 гаруй орчуулагч гүүш нар “Данжуур”-ыг орчуулж, 1742-1749 онд Бээжинд барласан байна.
“Ганжуур”, “Данжуур” нь Азийн олон оронд түгэн дэлгэрсний дотор ийнхүү бүрнээр нь орчуулсан нь тун цөөн юм. Тиймээс “Ганжуур”, “Данжуур”-ын орчуулга нь манай өвөг дээдсийн дэлхийн соёлын хөгжилд оруулсан томоохон хувь нэмэр гэж үздэг.
Монгол улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсэж байгуулагдсан цагаасаа эхлэн хуучин ном судар цуглуулах, судлах ажилд ихээхэн анхаарал тавьж, хөрөнгө хүч зарцуулж ирсний тоонд бурханы шашны судар ном багтдаг. Тухайлбал: Тэртээ 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онходын Жамъян гүн 226 боть “Данжуур”-ыг Монгол улсад залж авчирсан нь эдүгээ Үндэсний номын санд хадгалагдаж байна. Хэдэн жилийн өмнө монгол шунхан “Данжуур”-ыг ЮНЕСКО-гийн Дэлхийн баримтат өвд бүртгэсэн нь манай өтгөс мэргэдийн санаж сэдсэн ажил биеллээ олж, дэлхийд данслагдсан хэрэг юм.
Монгол хэлээрх “Ганжуур”, “Данжуур” хэмээх их хөлгөн судруудыг дэлхийн олон орны эрдэмтэн мэргэд судлан шинжилсэн, эдүгээ ч судалсаар, шинэ шинэ нээлтийг хийсээр байна. Харамсалтай нь дээрх хөлгөн судрын эх хувь цагийн эрхээр ховордсоор эдүгээ тун цөөхөн газарт бүрнээрээ үлдэж хоцорсон нь дээрх судруудыг гэрэл зургаар хэвлэн нийтэлж, түмэн олны хүртээл болгохын чухлыг сануулсаар ирсэн юм. Өвөр Монголын эрдэмтдийн хичээл зүтгэлийн ачаар энэхүү хэвлэн нийтлэх ажил биеллээ олж эрдэмтэн судлаачдын хүртээл болж байна.