“МОНГОЛЫН УГСААТАН СУДЛАЛ-2022” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ II ХУРАЛ БОЛОВ
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Ховд Их
сургуультай хамтран “Монголын Угсаатан судлал-2022” олон улсын эрдэм
шинжилгээний II хурлыг 2022.09.16-ны өдөр Ховд аймгийн Ховд хотод амжилттай
зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд Монгол, ОХУ, БНХАУ-ын 30 гаруй
илтгэлийг хүлээн авснаас нийт 18 илтгэлийг хэлэлцүүлэв. Хурлыг нээж ШУА-ийн
Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ц.Цэрэндорж,
Ховд Их сургуулийн НХУС-ийн захирал, доктор, профессор Г.Пүрэвдорж нар үг
хэлэв. Тус хурлын үдээс өмнөх салбар хуралдаан нь “Бүс нутаг ба угсаатны
бүлгийн судалгаа”, үдээс хойшхи салбар хуралдаан “Монголчуудын соёлын өвийн
судалгаа” сэдвийн хүрээнд явагдав. Тус хуралд ШУА, Ховд Их сургууль, МУИС,
МҮТМ, “Мандах” Их сургууль, Төв аймгийн музей, Увс аймгийн музей, Монголын
Криминологийн холбоо, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Хүмүүнлэгийн судалгааны
хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, музей, холбоодын
эрдэмтэн багш нар илтгэл хэлэлцүүллээ. Мөн эрдэм шинжилгээний хуралд
Ховд, Завхан, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн музейн албан хаагчид,
бусад эрдэмтэн судлаачид оролцов.
Тус хуралд доктор
Ч.Туулцэцэг “Захчины уламжлалт ан агнуур”, судлаач Н.Гэрэлмаа, И.Бүрэн-Өлзий нар
“Увс аймгийн музейн сан хөмрөг дэх угсаатны бүлгийн дээл хувцас, гоёл,
чимэглэлийн зүйлс”, судлаач Ш.Цэдэнбал, И.Бүрэн-Өлзий нар “Увс аймгийн музей
дэх шашны эд зүйлийн бүртгэл, хадгалалт, судлагдахууны асуудал”, доктор Ч.Мөнхбаяр
"Монгол Алтай дахь Түрэгийн тахилын байгууламж дээрх нэгэн тамганы нэрийн
тухай", судлаач Г.Бямбарагчаа, доктор Т.Билэгсайхан нар “Монголын угсаатан
судлал: Өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага”, доктор, профессор Г.Цэрэнханд,
судлаач Ч.Мөнхтөр нар “Монголын угсаатны зүйн судалгаа: Ойлголт, нэр томъёоны
зарим асуудал”, доктор Б.Батмөнх “Засагт
хан аймгийн зарим хошуудын түүх, соёлын судалгааны өнөөгийн байдал, цаашдын
хандлага”, доктор О.Баттуяа “Хамниганы нийгмийн байгуулал, 15 эцгийн хамниган”,
доктор Б.Нацагдорж “Өөлд-Зүүнгарын үүслийн тухай”, доктор Бичелдей Ульяна
Павловна “К вопросу о происхождении хөөмея: бытование тэнгрианской легенды у
урянхайцев-тувинцев”, судлаач С.Сувдаа “Төв аймаг дахь казахуудын соёлын
харилцааны өнөөгийн байдал”, доктор Н.Мягмар
“Төвийн бүсийн соёлын биет бус өвийн хээрийн судалгааны ажлын үр дүнгээс”, доктор
Г.Пүрэвдорж “Монголчуудын овог, отгийн судалгааны сүүлийн үеийн үр дүнгээс”, судлаач
С.Бямбадорж “Монголчуудын овоо шүтлэг ба түүхэн ой санамж: Баатарын дүрт овооны
эздийн жишээгээр”, судлаач С.Номынбаясгалан “Эрхзүйн этнографи: Хуульзүйн нэр
томьёоны асуудлууд”, доктор И.Ганболд, И.Бүрэн-Өлзий нар “Монгол ардын дуун
дахь сурган хүмүүжүүлэх зарчим, түүний онцлог (баруун Монголын ардын дууны жишээн
дээр)”, судлаач Д.Долгорсүрэн “Монголчуудын идээ ундааны зарим асуудал”, судлаач
У.Пүрэвжав “Нохойн зүс ба өнгөний бэлгэдлээс” зэрэг сонирхолтой илтгэлийг
хэлэлцүүлж, судалгааны сүүлийн үеийн үр дүнгээс танилцууллаа.
Бусад мэдээлэл