Дорнод аймгийн Халх гол сумын “Ялалт” музейгээс эрхлэн Халхын голын дайны талбарт “Задгай талбайн үзүүллэг” байгуулж, 2018 оны 5 дугаар сарын 18-нд болсон олон улсын музейчдийн өдрөөр нээлтийн ёслол хийв. Ёслолд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Монголын Үндэсний музей, БХЭШХ, Монгол цэргийн музей, Сэлэнгэ, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн музей, ОХУ-ын Чита хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн музейн төлөөлөгчид урилгаар оролцов.
Задгай талбайн үзүүллэг нь Халхын голын зүүн, Хайлаастын голын хойт талд байгуулагдсан бөгөөд нийтдээ 2,5 км урттай газарт Халхын голын дайны түүхэнд холбогдох олдворуудыг тараан байрлуулж, үзэгчид явганаар тойрч үзэх зориулалттай байгуулагджээ. Задгай талбайд байрлуулсан нарийн төмөр зам, байлдааны хуягт машин, суудлын болон ачааны машин, байлдааны нисэх онгоц, их буу болон хүн нэг бүрийн буудлагын зэвсгийн сум, галт хэрэгсэл зэрэг үзмэрүүдийг Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Тамсагийн булаг болон Халхын голоос хайн олж илрүүлсэн байна. Түүнчлэн задгай талбайн үзмэрт алдарт Ремизовын өндөрлөгт босгосон дурсгалын хөшөө, Халхын голын дайнд амь үрэгдсэн МАХЦ-ийн зургадугаар морьт дивизийн дарга Ч.Шаарийбуугийн дурсгалын хөшөө зэрэг хөшөө дурсгал багтжээ. Энэхүү задгай талбайн үзмэрийг байгуулахад Дорнод аймгийн Халх гол сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас найман сая төгрөг зарцуулсан бөгөөд цаашид улам өргөжүүлж, 2019 онд болох Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн өмнө дайны талбарын музей болгох зорилготой байна. Мөн энэхүү үзмэрийг байгуулахад Халх гол суманд байрладаг хошууч Д.Батхүү захирагчтай Зэвсэгт хүчний 329 дүгээр тусгай салбар, хурандаа Эрдэнэчулуун захирагчтай Хилийн цэргийн отряд хүн хүч, техникийн болон мэргэжлийн талаар ихээхэн дэмжлэг үзүүлсэн бөгөөд нээлтийн ёслолын үеэр зэвсэгт хүчний дайчдын гардан тулаан, хилийн цэргийн сургуультай нохойн үзүүлэх тоглолт болж, цэргийн хээрийн гал тогоо дэлгэн хоол, цайгаар дайлж, хээрийн кино цэгт дайны түүхэнд холбогдох баримтат кино үзүүлсэн нь хол ойрын зочид төлөөлөгчдийн талархлыг ихээхэн хүлээв.
Халх гол сумын “Ялалт” музейгээс нээлтийн ёслолд оролцсон зочид төлөөлөгчдийн дунд задгай талбайн үзүүллэгийг цаашид хэрхэн өргөжүүлэх талаар ярилцлага зохион байгуулав. Энэхүү ярилцлагад оролцсон Түүх, археологийн хүрээлэнгийн Бүс нутаг, орчин үеийн түүхийн салбарын эрхлэгч доктор (Ph.D), профессор Г.Мягмарсамбуу шинээр байгуулсан задгай талбайн үзүүллэг нь Халхын голын дайны түүхийг залуу хойч үеийнхэнд үнэн бодитойгоор харуулахад чухал ач холбогдолтойг тэмдэглээд,
- Задгай талбайн үзүүллэгийг “Халхын голын дайны талбарын
музей” болгон өргөжүүлэх төсөл боловсруулж, БСШУСЯ, БХЯ, Дорнод аймгийн ЗДТГ-т
танилцуулан батлуулж, хамтран хэрэгжүүлэх,
- БХЯ-тай хамтран дайны талбарын музей байгуулах газар
оронд тэсэрч дэлбэрээгүй байлдааны бөмбөг, сум, галт хэрэгсэл байгаа эсэхийг
үзэж шалган, аюулгүй болгох,
- Уг дайнд оролцсон Монголын морьт цэргүүдийн алдар
гавьяа, дайны ялалтанд гүйцэтгэсэн үүргийг “Халхын голын дайны талбарын музей”-д
хэрхэн харуулах талаар судалж төлөвлөх, үзмэрийн замд морьт цэргийн хөшөө
байгуулах зэрэг санал дэвшүүлэв.
Энэхүү задгай талбайн үзүүллэг нь нэгд: Монгол улсад анх удаа дайны талбарын музей байгуулах эхлэлийг тавьсан, хоёрт: Монгол улсын тусгаар тогтнолын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн Халхын голын дайны түүхийг үнэн бодитойгоор дэлгэн харуулахад чухал ач холбогдолтой юм.