ШУА-ийн Түүх, угсаатны зүйн
хүрээлэнгээс эрхэлдэг “Monumenta Historica” цувралын XV дугаар ботид “Тасарсан
хязгаарт зарсан явдлыг тэмдэглэсэн бичиг” зохиолын манж эх, манж эхийн монгол
орчуулга, удиртгал, эрдэм шинжилгээний галиг, тайлбар, нэрийн хэлхээс болон уг
зохиолын өөр нэгэн монгол эхийн хөрвүүлэг тайлбар сэлтийн хамт хэвлэгдлээ.
Уг зохиолд
Манж Чин улсын Энх Амгалан хаан XVIII зууны эхээр Торгууд
түмнийг захиран сууж байсан Аюуки хаанд зарлиг бичиг буулган Түлишэн хэмээх
элчин сайдыг албан ёсоор илгээсэн ба Түлишэн нь тус албанд хэрхэн томилогдон
явсан тухайгаа тэмдэглэн бичиж, Тасарсан хязгаарт зарсан явдлыг тэмдэглэсэн
бичиг буюу И юй лу 异域录 yì yù lù гэсэн нэрээр,
манж, хятад хоёр хэлээр хавсран хааны зарлигаар барласан байна.
Энэхүү ойллого тэмдэглэлээс түүний явсан газар орон, ард иргэдийн аж амьдрал,
Торгууд түмний түүхэн нөхцөл байдал зэргийг харж болох төдийгүй тухайн үеийн
манж, орос улсын харилцаа зэрэг олон сэдвийн хүрээнд эрдэмтдийн сонирхлыг
татсан баримт сурвалж болон уламжлагджээ.
Түлишэн нь Энх Амгалангийн 51-р он (1712 оны 5-р сар)-д хааны зарлиг бичгийг хүлээж, Каспийн тэнгисийн умард нутгаар нүүдэллэн аж төрж буй Торгуудын Аюуки хааныг зорин, нийслэл Бээжин хотоос хойд зүгийг чиглэн гарч Өвөр Монгол, Гадаад Монгол, Орос улсын нутгаар гурван жилийн турш явсан аялсан ба Энх Амгалангийн 54-р он (1715 оны 3-р сар)-д Бээжинд буцаж иржээ. Албан үүрэг бүхий энэ урт удаан аяллыг зарим эрдэмтэд Манж чин гүрний түүхэнд урьд нь байгаагүй зүйл гэж үзсэн нь буй. “Тасарсан хязгаарт зарсан явдлыг тэмдэглэсэн бичиг”-ийг Түлишэн Бээжингээс Торгууд хүрэх замд ямар ямар газраар дайран, хэн хэн гэдэг хүнтэй уулзаж, юу юу ярьсан, тус газар орны хүмүүс хэрхэн аж төрж буй тухай өөрийн нүдээр үзсэн байдал төлөвийг тэмдэглэн бичсэн бөгөөд уг тэмдэглэлээ анх манж хэлээр бичсэн байна. Буцаж ирсний хойно, замын тэмдэглэлээ хаанд өргөн айлтгахад, хятад хэлээр орчуулан хавсаргаад хүү яамнаа тушаа хэмээснээр зарлигийг дагаж хоёр хэлээр барлан хэвлэжээ.
Энэ нь
Манж нарын хувьд нарийн мэдээлэлгүй байсан бүс нутгаар биечлэн явж, бодитоор
тэмдэглэсэн зүйл учир дайран өнгөрсөн хот тосгодынхоо газар зүйн байрлал, уул
усны тогтоц, хүн ам, зам харилцаа, зан заншил, сүм хийд, цэрэг хамгаалалт
зэргийг тодорхойлон бичиж чаджээ.
Тэрээр өөрийн тэмдэглэлээс гадна, явсан газар орны тойм зургийг үйлдэн хот суурин, хошуу нутаг, уул нуруу, гол мөрний талаар тэмдэглэсэн нь хаант Орос улсын тухай хийгээд нутгийн хойд хил хязгаарын газар нутгийг нэлээд анхаарч судалж явсныг илтгэнэ.
Тус бүтээлийн редактор, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Сурвалж судлал, баримт мэдээлийн төвийн эрхлэгч, доктор (Ph.D) Б.Нацагдоржийн орос хэлнээс орчуулсан хавсралт хэсгийг хүргэж байна.