МОНГОЛ-ГЕРМАНЫ ОРХОН ЭКСПЕДИЦЭЭС ШУА-ИЙН ТҮҮХ, АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНД ХЭМЖИЛТИЙН ИЖ БҮРЭН ЭЛЕКТРОН БАГАЖ ХАНДИВЛАН ӨГЛӨӨ
МОНГОЛ-ГЕРМАНЫ ОРХОН ЭКСПЕДИЦЭЭС ШУА-ИЙН ТҮҮХ, АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНД ХЭМЖИЛТИЙН ИЖ БҮРЭН ЭЛЕКТРОН БАГАЖ ХАНДИВЛАН ӨГЛӨӨ


2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ХБНГУ-ын Карлсруэгийн Дээд Сургуулиас хамтран ажиллагч ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн болон МУИС-ийн Археологийн салбарын оюутны сургалтын хэрэгцээнд зориулж Швейцар улсад үйлдвэрлэсэн хэмжилтийн Leica Tachymeter TC600 маркийн иж бүрэн хоёр багажийг хандивлан өгөв.

Германы Карслруэгийн Дээд Сургуулийн Геодезийн салбар нь Монгол Улсын ШУА, МУИС, Германы Археологийн Хүрээлэнтэй хамтран 1999 оноос хойш Орхоны хөндийд шинжлэх ухааны олон талт төслүүдийг урт хугацаанд амжилттай хэрэгжүүлж байгаа манай түнш байгууллага юм.

Хэмжилтийн энэхүү багажийг Монголын археологичдод хандивлан өгөхөд Карлсруэгийн Дээд Сургуулийн профессор,ноён Андреас Рийгэр, профессор ноён Мюллер, Монгол-Германы Орхон Экспедицийн төслийн удирдагч, МУИС-ийн Антропологи, Археологийн тэнхмийн профессор, доктор У.Эрдэнэбат, Германы Археологийн Хүрээлэнгийн Европын бус Соёлын Археологийн Комиссын доктор, хатагтай Кристина Франкен нар идэвх санаачилга гарган хөөцөлдөж холбогдох шийдвэр гаргуулах зөвшөөрөл авах, тээвэрлэн авчирч, техникийн бүрэн бүтэн ажиллагааг шалгах зэрэг урьдчилсан бэлтгэл ажлуудыг шийдвэрлэж өгсөн байна.

Монголын тал нутагт археологийн малтлага шинжилгээнд Монгол, Германы оюутан судлаачид мөр зэрэгцэн ажиллаж шинжлэх ухааны мэдлэгээ бататгахын хамт хээрийн судалгааны үлэмжхэн туршлага хуримтлуулан суралцаж байдаг юм.Археологийн малтлага судалгаа нь хэмжилтийн найдвартай системгүйгээр явагдах боломжгүй өнөө үед манай археологчдод хэмжилтийн электрон багаж хандивлаж буйд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль, нийт эрдэмтэн судлаач, багш, оюутнуудынхаа нэрийн өмнөөс талархалаа дэвшүүлж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Бусад мэдээлэл