ХХ зууны Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн Манзушир хутагт Самбадондовын Цэрэндоржийн мэндэлсний 145 жилийн ойд зориулж "Манзушир хутагт Цэрэндорж: амьдрал, өв" сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ оны 10 сарын 30-ны өдөр Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн танхимд боллоо. Тус хурлыг ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Монгол улсын Үндэсний номын сан, Төв аймгийн ИТХ, ЗДТГ, “Донхор хутагт” төв хамтран зохион байгуулав.
Хурлын өмнө ХХ зууны Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн Манзушир хутагт Самбадондовын Цэрэндоржийн мэндэлсний 145 жилийн ойд зориулж “Дурсамж тээсэн өвүүд” үзэсгэлэнг шинээр нээж буйтай холбогдуулан Манзушир хутагтын тамганд хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаа болов.
Хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд профессор Н.Хишигт нээн хэлсэн үгэндээ “Сүүлийн үеийн баримтаар Манзушир хутагт Цэрэндорж нь Монголын түүхэн тод гэгээн дүр юм. Түүхэн эх сурвалжаас харвал Монгол улсын эв эеийг сахихад Манзушир хутагт чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Их хутагтын тамганд хүндэтгэл үзүүлэхээр ирсэн болон эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн Та бүхэнд ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн нэрийн өмнөөс мэндилгээ дэвшүүлье” хэмээн хэлэв. Түүхэнд “Манзушир хутагт” хэмээн алдаршсан Самбадондовын Цэрэндорж таван настайдаа Манзушир ламын зургадугаар дүрээр тодорч, багаасаа шашны эрдэм ухаанд шамдан боловсорсон ажээ. Тэрбээр 1880 онд хутагтын тамга шагнагдаж, 1911 онд Их Хүрээний жүд дацанд аграмбын дамжаа барьж, Богд хааны үед төрийн ордны дотоод ажил, шашин лам нарын асуудлыг хариуцан ажиллаж байв.
Эрдэм шинжилгээний бага хуралд:
Доктор Ц.Цэрэндорж, доктор Б.Нацагдорж ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн ”Монголд тодорсон Манзушир хутагтын эхний дүрүүдийн тухайд”, Доктор, профессор Г.Мягмарсамбуу ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн ”Манзушир хутагтын хийдийн түүхийн асуудалд”, Доктор Л.Алтанзаяа МУБИС ”Донхор хутагтын шавийн тухай асуудалд”, Доктор Ж.Нинжбадгар, Ц.Мэндсайхан Гандантэгчинлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэн ”Манзушир хутагтуудад холбогдох архивын баримтын тойм”, Доктор С.Цэдэндамба, доктор М.Гантуяа МУИС-ийн ШУС-ийн Философи, шашин судлалын тэнхим ”Монголын нийгэм, соёлын амьдралд хутагт, хувилгаадын гүйцэтгэсэн үүрэг”, Доктор, профессор Н.Хишигт “ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн “1920-иод оны Монголын үйл явдал ба Манзушир хутагт Цэрэндорж”, Судлаач, Ш.Цэрэндоо ”Монголын шашин номын үйлсэд Манзушир хутагт Цэрэндоржийн оруулсан хувь нэмэр”, Судлаач О.Мэндсайхан, О.Мөнгөнтуул. “Богд хааны ордон музей Манзушир хутагтын тамганы тухай”, Докторант Н.Батболд. ТЕГ-ын Тусгай архив ”Манзушир хутагт Цэрэндоржийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн нь” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Манзушир хутагт Цэрэндорж 1921 оны 4 сард Монгол Улсын Ерөнхий сайд, Дотоод яамны тэргүүн сайдаар томилогдож, хүнд хэцүү цаг үед төр улсаа удирдан жолооодож байв. Гэвч 1922 оноос түүнийг янз бүрийн хилс хэрэгт холбогдуулан шалгаж байсан бөгөөд 1937 онд “Ёнзон хамбын хэрэг” гэгчээр баривчилж, хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ. БНМАУ-ын Дээд шүүхийн тогтоолоор 1990 онд цагаатгаж, нэр төрийг нь сэргээжээ. Гэвч түүний амьдрал, үйл ажиллагааг тусгайлан судалсан бүтээл өнөөг хүртэл байхгүй юм. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, МУИС, МУБИС, “Богд хааны ордон” музей, МБШТ Гандантэгчинлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцов.
Манзушир хутагтын дүрүүд, тэдний амьдрал, шашны түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, Манзушир хутагт Цэрэндоржийн удам угсаа, намтар, Монголын төр, шашны түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, эзлэх байр суурь, Манзуширын хийдийн үүсэл, хөгжил, Монголын шашин, соёл, уран барилгын түүхэнд эзлэх байр суурь, хийдийн өв соёл, сэргээн засварлалт, Манзушир хийдийн өнөө болон хэтийн төлөвийн асуудлаар эрдэмтэд санал бодлоо солилцов.