Хээрийн судалгаа
Хээрийн шинжилгээний ажил
ХҮННҮГИЙН ДАРААХ НҮҮДЭЛЧИД-II” төслийн хүрээнд “Хүннүгийн дараах нүүдэлчид-2019” экспедиц
ШУА-ийн ТАХ-ийн Хүннү ба эртний түүхийн судалгааны салбарын (хуучнаар) 2018-2020 онд хэрэгжих “Хүннүгийн дараах нүүдэлчид -II” суурь судалгааны төсөлт ажлын хөтөлбөрийн хүрээнд 2019.07.20-08.20 хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Баянмөнх, Мөрөн, Биндэр, Норовлин сумдын нутгаар хайгуул, малтлага судалгааны ажлыг хийж гүйцэтгэв.
- Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутаг Дэлгэрцогт уулын орчимд хийсэн хайгуулаар энэ бүс нутагт дунд палеолитоос неолитын үе хүртэл нэн эртний хүмүүс нутаглан амьдарч байсныг тодруулав. Ингэснээр Дорнод Монголын бүс нутгийн хэмжээнд одоогийн байдлаар хамгийн эрт үед хүн нутаглаж байсныг илтгэх цөөхөн газруудын нэг болно.
- Мөн сумын нутаг Жаргалантын хаяа хэмээх газар тэгш дөрвөлжин хэмжээтэй шороон хэрэм илрүүлэв. Уг хэрмийн дөрвөн тал бүгд адил хэмжээтэй, тэгш дөрвөлжин байгаа нь эртний нүүдэлчдийн архитектурын боловсролыг илтгэх нэгэн үзүүлэлт болно. Хэдийгээр он цаг баримжаалан тогтоох хэрэглэгдэхүүн илрээгүй боловч Хэрлэн голын хөндий дагасан Хүннүгийн хотуудын шороон хэрэмтэй төрөлсөж болох юм.
- Баруун Шовх ууланд дундад зууны үеийн монголчуудын үлдээсэн оршуулгын газар илрүүлэн, 2 дурсгалыг малтан судлав. Тоногдож эвдэгдсэн тул дээрх оршуулгын газрын онцлог шинжийг урьдчилан тогтоох боломж хомс байна.
- Хэнтий аймгийн Мөрөн сумын Нарийн Дэл уулын хүннү оршуулгын газар 2 дахь жилдээ ажиллаж, нарийн саваа модон авс, ясан сойз зэрэг шинэ хэрэглэгдэхүүн илрүүлэв.
- Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Онон, Хурх голын бэлчир газар (Өвөр шивэр)–т дундад зууны үеийн монгол оршуулга илрүүлэн малтсан нь энэ хавь нутагт тухайн цагт монгол аймгууд нутаглаж байсныг нотлон харуулах нэгэн баримт болсон.
Баруун Шовх Булш №1-ээс илэрсэн 1-сүх, 2-төмөр зэв, 3-төмөр хадаас, 4-хүрэл толь
Тусгай захиалгат ажил
БИЙБУЛАГ-2019 ЭКСПЕДИЦ:
ШУА-ийн ТАХ (хуучнаар), ОХУ-ын Татарстаны БНУ-ын ШУА-ийн А.Х.Халиковын нэрэмжит Археологийн хүрээлэн хоорондын хамтран ажиллах 2018 оны №3-р гэрээний дагуу Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт орших Бийбулагийн балгас, Булган аймгийн Сайхан сумын Могойн шинэ уснаа байрлах Муюнчурын цогцолбор дурсгалт газарт 2019.06.09-07.09 хугацаанд малтлага судалгаа, авран хамгаалах ажлыг хийж гүйцэтгэсэн. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Бийбулагийн туурийн 1, 2, 3-р хэрмэнд сорилтын малтлага хийж, соёлт давхарага бүхий хэсгүүдийг тодорхойлов. Зарим хэсэгт (1-р хэрмийн 5-р малталт) харьцангуй түрүү үеийн хэв шинж мэдэгдсэн бол 2-р хэрмээс керамик үйлдвэрлэл, түүний түүхий эдийг бэлтгэдэг зориулалттай төдийгүй гар урчууд суурин амьдарч байсныг гэрчлэх хэрэглэгдэхүүн илрүүлэв. Булган аймгийн Сайхан сум, Архангай аймгийн Хайрхан сумдын заагт орших Муюнчур хааны тахилын байгууламж орчмоос шинэ хэлбэрийн хэд хэдэн булш, байгууламжуудыг бүртгэсэн нь Уйгурын үед холбогдож болох хэрэглэгдэхүүнийг баяжуулах ач холбогдолтой юм. Хайгуулд георадарын арга, технологийг ашигласан нь хамтарсан экспедицийн цаашдын судалгаанд чухал хувь нэмэр болох нь дамжиггүй юм. Бийбулагийн 1-р хэрмийн зүсэлтээс хөрсний дээж авч, ОХУ-д шинжлүүлэхээр илгээсэн болно. Эдгээр шинжилгээ нь орчин үеийн археологийн судалгаанд бусад салбарын шинжлэх ухааны арга зүй, технологи гүн нэвтрэх болсны илрэл болох төдийгүй түүний үр дүнгээс тус хамтарсан эксдедицийн цаашдын судалгааны чиг хандлага шууд хамаарах болно.