Эртний түүхийн салбар
Эртний түүхийн салбарын түүхэн замнал:
Судар бичгийн хүрээлэнгээс Монгол улсын нутаг дахь эртний улсуудын хот суурины үлдэгдэл, булш бунхан, хөшөө чулууны бичээс зэргийг олж илрүүлэх, судлах ажлыг 1922 оноос эхлэн хийсэн байдаг. Сарьдагийн хийдийн судалгаагаар эхэлж байжээ. Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эртний түүх, археологийн судалгаа Судар бичгийн хүрээлэнгийн түүхтэй хамт эхэлдэг. Гэвч бие даасан анхны нэгж байгуулагдсан нь ШУА байгуулагдсан түүхтэй холбоотой. 1961 оны 5 сард ШУА-ийг байгуулахад түүний харьяа Түүхийн хүрээлэнд Эртний судлал-угсаатны зүйн тасаг буюу Археологи-этнографийн секторыг байгуулсан нь Монголын эртний түүх, соёлын судалгааг дагнан эрхлэх мэргэжлийн анхны бүтэц болсон байдаг. Энэ секторын эрхлэгчээр Монголын анхны мэргэжлийн археологичдын нэг доктор Н.Сэр-Оджав ажиллах болжээ. Энэ үеэс Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедиц жил дараалан ажиллах болсны зэрэгцээ БНАГУ, Унгар, Чехословак, Польш зэрэг орны эрдэмтэдтэй хамтран өргөн хүрээнд судалгаа хийх болсон нь салбарын бэхжилтэд чухал нөлөө үзүүлсэн. Харин 1985 онд Археологи-этнографийн секторыг Угсаатан судлалын болон Археологийн салбар болгон шинээр зохион байгуулснаар Монголын эртний түүх, археологийн судалгаа нь Археологи болон Дундад зууны секторт төвлөрөн хийгдэх болсон. Археологийн салбарын үйл ажиллагаа өргөжин тэлж, 1998 Археологийн судалгааны төв болж өргөжсөн, улмаар 2002 бие даасан хүрээлэн болж өрх тусгаарласан түүхтэй.
Энэ үед ШУА-ийн Түүхийн хүрээлэнд Монголын эртний түүх, археологийн судалгааг Дундад зууны салбарын чиг үүргийн хүрээнд түр хавсаргаж байгаад 2003 оноос “Түүх бичлэг, онол арга зүйн сектор”-ийг байгуулж дээрх чиглэлийн судалгааг дагнан эрхлэх болжээ. Эрхлэгчээр доктор (Ph.D) Д.Эрдэнэбаатар ажиллаж байв. ШУА-ийн тэргүүлэгчдийн 2005 оны 10 сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж хүрээлэнг 6 салбар нэгжтэй байхаар баталсан. Энэ өөрчлөлтийн хүрээнд “Түүх бичлэг, онол арга зүйн сектор”-ийг “Эртний түүхийн салбар”, “Түүх бичлэг, сурвалж судлалын салбар” болгон шинээр зохион байгуулсан. Эртний түүхийн салбарын эрхлэгчээр доктор (Ph.D) С.Өлзийбаяр томилогдон ажиллажээ. Доктор Өлзийбаяр энэ үеэс 2021 оны 10 сарыг хүртэлх ихэнхи хугацаанд тус салбарын эрхлэгчийн албыг хашиж байв. Энэ хооронд салбарын нэр, дотоод зохион байгуулалт хэдэн удаа өөрчлөгдсөн байдаг. Тухайлбал, 2008 оны 1 сараас мөн дээр дурдсан хоёр салбарыг дахин нэгтгэж “Түүх бичлэг, эртний түүх, сурвалж судлалын салбар”-ыг байгуулсан байдаг. 2010 оны 3-р сарын 19-өөс “Эртний түүх, сурвалж судлалын салбар” болж өөрчлөгдсөн. Доктор С.Өлзийбаяр эрхлэгчээр нь үргэлжлүүлэн ажилласан. 2015 оны 1 сарын 26-ны өдрийн Засгийн газрын 27-р тогтоолоор хоёр хүрээлэнг нэгтгэн Түүх, археологийн хүрээлэн байгуулагдахад тус салбарын нэрийг “Хүннү ба эртний түүхийн судалгааны салбар” болгон өөрчилсөн бөгөөд бүтэц бүрэлдэхүүний хувьд нэлээд өргөжсөн байдаг. Энэ үед доктор Ерөөл-Эрдэнэ, Эрэгзэн нар эрхлэгчээр нь ажиллажээ. Гэхдээ 2019 оны 9-р сараас Түүх, археологийн хүрээлэнг Археологийн хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн болгож шинээр зохион байгуулахад тус салбар нь “Евразийн нүүдэлчид, эртний төрт улсын түүх, археологийн судалгааны салбар” нэрээр Монголын эртний түүх, археологийн судалгааг эрхлэн гүйцэтгэх болсон. Эрхлэгчээр нь доктор (Ph.D) С.Өлзийбаяр дахин томилогдож ажилласан байдаг.
2021 оны 6 сараас тус салбарын нэрийг “Эртний түүхийн салбар” болгон өөрчилж Монголын эртний түүх, археологийн судалгааг эрхлэн гүйцэтгэх болсон. 2021 оны 10 сараас эхлэн тус салбарын эрхлэгчээр доктор (Ph.D) Г.Алтансүх ажиллаж байна.
ШУА-ийн түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Эртний түүхийн салбарын дэргэд Археологийн сан хөмрөг нь 2019 онд байгуулагдсан. Сан хөмрөг нь хээрийн судалгаагаар илрүүлсэн эд өлгийн зүйлийг бүртгэн баримтжуулах, анхан шатны цэвэрлэгээ хийх, сэргээн засварлалтын ажил хийх, хадгалах, улсын бүртгэлийн нэгдсэн санд оруулах, олон нийтэд сурталчлах зэрэг үндсэн чиг үүрэгтэй. Тус сан хөмрөгт 10 орчим аймгийн 20 орчим сумын нутагт хийгдсэн археологийн судалгааны явцад илэрсэн хүрэл зэвсгийн үеэс эхлэн XVII зууны үе хүртэлх 2500 орчим эд өлгийн зүйл хадгалагдаж байна.
Эдүгээ тус салбарт “Монголын эртний улсуудын нийгмийн байгуулал, аж ахуй, соёлын судалгаа”, “Тал нутгийн мартагдсан суурингууд: өнгөрсөн ба одоо” сэдэвт хоёр суурь судалгааны төсөлт ажил амжилттай хэрэгжиж байна.
Салбарын бүрэлдэхүүн:
Салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Г.Алтансүх
Эрдэм шинжилгээний ажилтан
Докторант Б.Очир
Докторант М.Нямбат
Археологийн танхимын сан хөмрөгч У.Өлзийдулам
Эрдэм шинжилгээний гэрээт ажилтан
Доктор (Sc.D), профессор А.Очир
Доктор (Ph.D), дэд профессор Л.Эрдэнэболд
Докторант Г.Одмагнай