Сурвалж судлал, баримт мэдээллийн төв
Тус Сурвалж судлал, баримт мэдээллийн төв нь анх 2006 онд Монголын түүхийн судалгааны базыг өргөжүүлэх зорилгоор байгуулагдан 1921 оноос хойш 98 жилийн хугацаанд Монгол улсын түүхийг судлан боловсруулах судалгаа шинжилгээний ажлын явцад түүх, археологи, угсаатан судлалын холбогдолтой эх болон хуулбар нэн ховор баримтаар бүрдүүлсэн 5000 гаруй хадгаламжийн нэгж, 240,000 гаруй хуудас хуудас баримтыг 11 сан хөмрөгт ангилан хадгалж судалгаанд ашиглуулж 25,000 номоор судлаачдад үйлчилж, хүрээлэнгийн цахим вэб сайтыг хариуцан ажиллуулж байна. Өнгөрсөн хугацаанд тус төв 5-8 хүртэл ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж ирсэнээс боловсроын доктор 1, магистр 2, бакалавр 3-4 хүн ажиллаж ирсэн.
2019 оны 8 сарын 14 –ны Засгийн газрын шийдвэрээр Түүх, археологийн хүрээлэн нь Түүх, угсаатны зүйн хүрээлэн болон бүтэц зохион байгуулалт нь өөрчлөгдөхөд ТУЗХ-г 2017-2025 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөнд өмнө нь өөрийн гэсэн бодлогогүй байсан тодорхой салбаруудыг системтэй хөгжүүлэх, хүрээлэнгийн дотоод нөөц бололцоог ашиглан түүхийн эх сурвалж судлалын судалгааны төв нээж баг ажиллуулна гэж заасан дагуу тус хүрээлэнгийн 98 жилийн түүхэнд анх удаа Сурвалж судлалын нэгжийг Баримт мэдээллийн төвд байгуулав. Үүний үр дүнд түүхийн судалгааны эх үндэс болсон сурвалж судалгаа шинжилгээний ажлыг хөгжүүлэн тус төвд хадгалагдаж буй эх сурвалжууд болон судалгааны эргэлтэд ороогүй дотоод гадаадын архив, номын сан, хувь хүмүүст байгаа монголын түүхийн эх сурвалж, баримт бичиг, ховор ном бүтээлийг олж илрүүлэн орчин үеийн шинжилгээ судалгааны түвшинд судалж боловсруулан судалгааны эргэлтэд оруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болов. Одоогийн бүтэц зохион байгуулалтаар боловсролын доктор зэрэгтэй 2, магистр зэрэгтэй 2 судлаач сурвалж судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулхаар болж тус төвийн алжилтаны орон тоо 8 болж нэмэгдэв.
1. Төвийн алсын хараа:
Тус хүрээлэнгийн болон дотоод гадаадын судалгааны байгууллага, эрдэмтэн судлаачдыг монголын түүхэнд холбогдох шаардлагатай сурвалж бичиг, баримт материал, аман түүх, ном сэтгүүл, гэрэл зураг, дуу дүрс бичлэгээр ханган ажиллаж алсдаа сурвалж судлалын улсын хэмжээний үндсэн нэгж байгууллага болох.
2. Төвийн эрхэм зорилго:
Архив, номын сан хувь хүмүүст хадгалагдаж буй судалгааны эргэлтэд ороогүй эх сурвалж баримт бичгийг эрэн сурвалжилж, илрүүлэн шинжлэх ухааны өндөр түвшний судалгаа эрхлэн явуулж, судалгааны эргэлтэд оруулах.
3. Төвийн эрхэмлэх зүйл:
Монголын түүхийн бүхий л үед холбогдох бичгийн дурсгалыг эхээр нь болон хуулбараар цуглуулж монголын түүхийн эх сурвалжийг үндсэн эх сурвалжаас унших нэгдсэн сан үүсгэн хадгалах, хамгаалах, судлах, түгээх өвлүүлэх.
4. Төвийн хамрах цар хүрээ:
Хүрээлэнгийн бусад салбарууд, Үндэсний төв архив, номын сан, музей, эрдэм шинжилгээний байгууллагууд хувь хүмүүстэй хамтран ажиллах зэрэг болно.
ССБМТ-ийн өмнө тавигдаж буй зорилт:
Хүрээлэнгийн стратеги төлөвлөгөөнд, монголын түүх соёлын судалгааны баримт хэрэглэгдэхүүний үндэсний тулгуур төв буй болгож түүхийн сурвалж, баримт бичиг, хээрийн шинжилгээний эх хэрэглэгдэхүүн, гэрэл зураг, дуу дүрс, бичлэг, эд өлгийн зүйлс, дурдатгал дурсамжийн нэгдсэн сан бүрдүүлэх, эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн цувралууд нийтлүүлэх, монголын түүхийн цахим номын сан мэдээллийн бүртгэлжүүлэлт хийх, тус төвд хадгалагдаж буй баримтуудыг бүрэн онлайн болгох ажлуудыг хийж гүйцэтгэхээр заасан бол тус төвд сурвалж судлалын ажил явуулах болсноор дараах ажлуудыг төлөвлөгөөнд шинээр тусгаж хэрэгжүүлэх зорилт тулгарч байна.
Үүнд: Монгол улсын Үндэсий төв архив, Үндэсний номын санд буй судалгааны эргэлтэд ороогүй сурвалж бичгүүдийг бүртгэж, судалж боловсруулах ба тухайн сэдвээр түүвэрлэн эмхэтгэл хэвлүүлэх зэргээр эх сурвалжийн бааз суурийг нэмэгдүүлэх зорилт тавигдаж байна.
Гадаад хамтын ажиллагааны талаар:
Хүрээлэнгийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд урьд нь хэрэгжүүлж ирсэн туршлагадаа үндэслэн төсөл хэрэгжүүлэх гадаад улсаас авч ирсэн баримтаар эмхэтгэл хэвлэх, тус төвийн ажилтнуудыг гадаадад мэргэжил дээшлүүлэх, гадаадын судлаачдад дэмжлэг үзүүлж ажиллана.