Үндсэн агуулга руу

Салбарууд

Угсаатан судлал, биет бус соёлын өвийн төв

Нэг. Зорилго

Угсаатан судлал, биет бус соёлын өвийн  чиглэлээр олон улс болон бүс нутгийн түвшинд судалгаа явуулж, монголын язгуур соёлын ойлголтуудыг суурь судалгааны хүрээнд тодорхойлох үндэсний тэргүүлэх төв болно.

Зорилтууд:

1. Монгол улсын соёлын өвийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал  болон НҮБ-ын холбогдох хөтөлбөр, зорилтуудын хүрээнд угсаатны зүйн суурин болон авран хамгаалах, биет бус соёлын өвийн судалгаа хийж, эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлнэ.

2.  Эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг олон нийтийн хүртээл болгож танилцуулах, улмаар холбогдох төрийн бодлогын хүрээнд зөвлөмж боловсруулна. Энэ нь үндэсний түүх соёлын дархлааг сэргээх улмаар соёлын аж үйлдвэрийг хөгжүүлэхэд суурь судалгааны үүрэг гүйцэтгэнэ.

3. “Монгол угсаатны Үндэсний музей” байгуулах судалгааны суурийг бүрдүүлэн ажиллаж, эдийн болон оюуны соёлын өвийг танин мэдэхүй, судалгааны эргэлтэд оруулах  үйл ажиллагааг эрхлэн явуулна.  

Хоёр. Товч түүх

БНМАУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Түүх судлах газрын дэргэд 1950-аад оны сүүл үед “Археологи- Этнографийн тасаг” нэртэйгээр тус салбар нь анх байгуулагджээ. Үүний дараагаар С. Бадамхатан ОХУ-ын Москвагийн Их сургуулийг төгсөж ирээд Монголын угсаатны зүйг судлах арга зүй, хөтөлбөр боловсруулж, 1950-аад оны сүүл үеэс системтэй угсаатны зүйн судалгааг эхлүүлсэн байна. 1958 онд С. Бадамхатан “Этнологийн судалгаа хийх арга барилын тухай” хэмээх бүтээлээр ажлаа эхлүүлжээ.

1960-аад оны үеийн угсаатны судалгаа нь манай орны зарим угсаатны бүлгүүдийн гарал угсаа, тэдгээрийн эд, оюуны соёлын онцлогийг тодруулах зорилгоор судалж байсан бол, 1970-аад оноос манай ард түмний угсаатны хөгжлийн явц, социалист нэгдмэл монгол үндэстэн бүрэлдэн тогтсон асуудлыг нэгтгэн дүгнэхийг оролдож эхэлсэн байна.

Харин 1985 онд “Археологи- Этнографи”-ийн тасгаас салбарлан биеэ дааж, “Угсаатны зүйн сектор” байгуулагдсан байна. Энэ үед тус секторын эрхлэгчээр Монголын угсаатны зүйн судалгааг хөгжлийн шинэ шатанд гаргасан, нэрт эрдэмтэн, угсаатны зүйч С. Бадамхатан, эрдэм шинжилгээний ажилтнаар Ц. Гочоо, Г. Цэрэнханд, Ц. Аюуш, Г. Батнасан, Д. Тангад, Д. Нансалмаа, И. Лхагвасүрэн, Г. Мэнэс, Л. Билэгт зэрэг манай нэртэй эрдэмтэн судлаачид ажиллаж байв.

2006 онд тус сектор нь зохион байгуулалтын хувьд өөр хэлбэрт орж, “Угсаатан судлалын салбар” болон өргөжжээ. Улмаар 2008 оноос Угсаатан судлал, антропологийн салбар болон дахин өргөжиж, дэлхийн жишигт нийцүүлэн, судалгааны арга зүй, чиг хандлагаа өөрчлөн ажиллах болов.

2015 онд Түүх, археологийн хүрээлэн байгуулагдаж, тус салбарын 30 жилийн ойг тэмдэглэж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан бөгөөд ойн хүрээнд салбарыг Нэрт угсаатны зүйч С. Бадамхатаны нэрэмжит “Угсаатны судалгааны салбар” болгон хуучин нэрэнд өөрчлөлт оруулсан байна.

Тухайн үед салбарын эрхлэгчээр Доктор (Sc.D) Профессор С. Чулуун ажиллаж,  доктор Н. Маралмаа, С. Өлзийсайхан, докторант М. Энхбаатар, Г. Бямбарагчаа, Б. Батцоож, магистр У. Пүрэвжав, Э. Дагвадорж, магистрант Н. Гонгоржав, Б. Должинсүрэн нар ажиллаж, гэрээт ажилтнаар доктор Г. Цэрэнханд, докторант Т. Билэгсайхан нар ажиллаж байв.

Улмаар 2019 оны 10 дугаар сард ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн нэрийг Түүх, Угсаатны зүйн хүрээлэн болгон угсаатны зүйн салбарын судалгааг өргөжүүлж буйтай холбоотой тус салбарын бүтцийг өөрчилж, хоёр хэсэг (нэг төв, нэг салбар) болгосны нэг нь Угсаатан судлал, биет бус соёлын өвийн төв юм.

Тус төвийн эрхлэгчээр доктор (Ph.D) Н. Маралмаа ажиллаж байна. Мөн төвд доктор (Ph.D) С. Өлзийсайхан, эрдэм шинжилгээний ажилтнаар докторант М. Энхбаатар, Б. Батцоож, магистр У. Пүрэвжав нар ажиллаж байна.

Гурав. Гадаад хамтын ажиллагаа

Угсаатан судлал, биет бус соёлын өвийн төвийн судлаачид өнгөрсөн хугацаанд ОХУ, Унгар, Япон, Англи зэрэг улсуудын их сургууль, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтарсан судалгааны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд дотоодын их дээд сургууль, судалгааны хүрээлэнгүүд болон төрийн ба төрийн бус хэвшлийн олон арван байгууллагуудтай хамтарсан үндэсний хэмжээний судалгааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр иржээ.

Дөрөв. Гүйцэтгэж буй суурь судалгааны төсөл

Тус төв  нь 2015-2017 онд “Монгол угсаатан ба даяаршил: Угсаа- түүх, өв соёл” нэртэй /SST-055/ суурь судалгааны төсөлт ажлыг хэрэгжүүлж амжилттай дуусгажээ. Одоо тус төвд 2018-2021 онд “Монгол нүүдэлчид: Аж ахуй, угсаа-соёл (XIX-XX зуун)” онолын суурь судалгааны сэдэвт ажил үргэлжлүүлэн хэрэгжиж, “Ойрад монголчуудын нийгэм, аж ахуй, соёлын асуудалд: XIX- XX зуун” хамтын бүтээлийг бичиж байна.