Нийгэм соёлын хүн судлалын салбар
НИЙГЭМ-СОЁЛЫН ХҮН СУДЛАЛЫН САЛБАР
1. Салбарын хөгжлийн үе шат
Монгол улсад нийгэм-соёлын хүн судлал буюу угсаатан судлалын ухааныг анхлан хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол Судар бичгийн хүрээлэнгийн анхны эрдэмтэн нарийн бичгийн дарга (1921-1930)-аар ажиллаж байсан Жамсрангийн Цэвээн юм. Ж.Цэвээн тэргүүтэй хэд хэдэн судлаачид Монголын тодорхой бүс нутгуудад угсаатны зүйн хээрийн судалгааг хийж, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнгүүдийг ээлж дараалан хэвлэн нийтлүүлсэн нь ХХ зууны эхэн үеийн Монголчуудын ахуй амьдрал, амьдралын хэв маяг, дүр төрхийн талаарх үнэт эх сурвалж, судалгааны чухал өв-сурвалжийг үлдээсэн байна.
Мэргэжлийн судлаачид 1950-аад оны сүүл үе гэхэд төрөн гарч, судалгааны арга зүй боловсруулагдаж, судалгааны чиг баримжаатай болсон явдал Монгол улс дахь тухайн салбар ухааны хөгжлийн эх суурь юм. 1960 оны дунд үеэс угсаатны зүйн судалгааны чиглэлд шинэлэг хандлага зонхилох болж, Монголын нүүдэлч малчдын уламжлалт соёлын хувьсал өөрчлөлтийн талаарх судалгаа эхэлсэн түүхтэй. 1960-1980 аад онд тухайн үед монгол улсад угсаатан судлалын чиглэлээр ажиллаж байсан цорын ганц байгууллага болох ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн угсаатан судлаачдын судалгааны үндсэн чиглэл нь нэгд, монгол угсаатны “нийтлэг” бүлгүүдийн ахуй байдал, аж амьдралын хэв маягийг судалж, түүнээсээ улируулан уламжлалыг олж мэдэх, хоёрт, ард түмний дунд өрнөж байгаа соёлын өөрчлөлт, ялангуяа үндэсний агуулгатай соёлын үүсэн тогтож буй учир шалтгааныг тодруулахыг чухалчилж, тухайлбал мал аж ахуй, нүүдэллэх журам, хот айл, орон сууц, хоол унд, цагаан идээ, хувцас болон гэрлэлт, сүсэг бишрэл, гар урлал, ардын мэдлэг зэрэг асуудлаар угсаатны зүйн системтэй судалгаа явагдаж байв. 1990 оны сүүлээс тус хүрээлэнгийн угсаатан судлаачид сэдэвчлэн судлах чиглэлийг баримталж хэд хэдэн бүтээлийг олны хүртээл болгосон ба угсаатны зүйн судалгааны нэг онцлог нь “сэдэвт” болон “төсөл”-ийн хүрээнд судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
Тус хүрээлэнгийн угсаатан судлаачид 1958 оноос Монгол улсын бүх аймаг, давхардсан тоогоор 250-орчим сумдад нийт 60 гаруй удаа угсаатны зүйн хээрийн шинжилгээний ангийг ажиллуулж, эрдэм шинжилгээний арвин их материал хуримтлуулсан болно.
Байгуулалтын хувьд, БНМАУ-ын Шинжлэх Ухааны хүрээлэнгийн Түүх судлах газрын дэргэд Археологи-Этнографийн тасаг нэртэй 1950-аад онд анх байгуулагдсан. 1985 он гэхэд Этнографи (Угсаатны зүй) нь өргөжиж ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн бие даасан сектор болсон байна. Монголын угсаатан судлалыг мэргэжлийн түвшинд үүсгэн байгуулж, хөгжүүлсэн С.Бадамхатан (1985-1995), Г.Цэрэнханд (1995-2008) нар салбарыг удирдаж байв. 2000 аад оноос нийгэм-соёлын хүн судлалын чиглэлд түлхүү ажиллах болсонтой холбогдуулан Түүхийн хүрээлэнгийн Угсаатан судлал, нийгэм-соёлын хүн судлалын салбар болов. 2008-2015 онд доктор Б.Баатархүү, 2015-2019 онд академич С.Чулуун (хавсарч) нар эрхлэгчээр ажиллаж байв. Тус салбар нь 2015 оноос С.Бадамхатаны нэрэмжит Угсаатан судлалын салбар гэсэн нэртэй үйл ажиллагаагаа явуулж байгаад 2019 онд Засгийн газрын шийдвэрээр Түүхийн хүрээлэнг Түүх, угсаатны зүйн хүрээлэн болгож өөрчилсөн үеэс угсаатан судлалын салбар өргөжиж хоёр бие даасан нэгж болсон нь эдүгээгийн Нийгэм-соёлын хүн судлалын салбар, Угсаатан судлал, биет бус өвийн төв болсон юм. Судалгааны хамрах хүрээ өргөжиж сонгодог угсаатан судлалаас гадна орчин үеийн тулгамдсан асуудлыг хүн судлалын үүднээс тодруулах судалгаа хийгдэж байна.
2019 оноос тус салбарын эрхлэгчээр доктор (Ph.D) Т.Билэгсайхан, эрдэм шинжилгээний ажилтнаар Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Ph.D), профессор Г.Цэрэнханд, доктор (Ph.D) Н.Мягмар, докторант Г.Бямбарагчаа, Ч.Мөнхтөр, М.Алтаншагай, Э.Дагвадорж нар ажиллацгааж байна.
2. Гол гол амжилт: бүтээгдэхүүн, үр дүн
Монгол улсын угсаатан судлаачдын гол гол үр дүнгүүд нь ихэвчлэн ном бүтээл болно. ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн (хуучнаар Түүхийн хүрээлэн)-ийн мэргэжлийн угсаатан судлаачдын олон жилийн судалгааны ажлын үр дүнд С.Бадамхатан “Хөвсгөл аймгийн цаатан ардын аж байдлын тойм” (УБ., 1962 он), “Хөвсгөлийн дархад ястан” (УБ., 1965 он); Г.Цэрэнханд “Хөдөө аж ахуйн нэгдэлчдийн өрх гэр, гэр ахуй” (УБ., 1972 он), “Нэгдэлч малчдын аж байдал” (УБ., 1981 он); “Монголчуудын ураг төрөл: ёс заншил, зан үйл” (УБ., 2015), Г.Батнасан “БНМАУ дахь нэгдэлчдийн аж ахуйгаа хөтлөх арга ажиллагаа” (1977) зэрэг олны анхаарлыг татсан нэгэн сэдэвт бүтээлүүдийг туурвижээ. Монголын олон ястан, угсаатны бичил бүлгүүдийн угсаа гарвал, эд, оюуны соёлыг түүхэн угсаатны зүйн судалгааны арга барилд тулгуурлан, аман домог, бичмэл түүхийн хэрэглэгдэхүүнтэй харьцуулан судалсан явдал манай угсаатан судлалын томоохон ололт болсон юм.
ХIХ-ХХ зууны монголчуудын аж ахуй, соёл, зан заншлын уламжлал, хувьслын асуудлыг судалсан “Монголын угсаатны зүй” (редактор С.Бадамхатан) 3 боть хамтын бүтээлийг (I боть - Бүгд Найрамдах Монгол Ард Улсын угсаатны зүй (Халхын угсаатны зүй). УБ., 1987 он, II боть - Монгол Улсын угсаатны зүй (Ойрадын угсаатны зүй) УБ., 1996 он, III боть - Монгол Улсын угсаатны зүй (Буриад, Барга, Үзэмчин, Дарьганга, Хотон, Тува-цаатан, Тува-малчин, Хамниган ястнуудын угсаатны зүй) УБ., 1996 он) хэвлэн гаргасан болно. Энэхүү хамтын бүтээл нь 1996 онд Монгол Улсын Гэгээрлийн Яамны “Шинжлэх ухааны шилдэг бүтээл”-ээр шалгарч байв. ШУА-д 1960-1990 он хүртэл ажилласан эрдэмтэд судлаачдын хуримтлуулсан эх хэрэглэгдэхүүнийг 11 ботиор хэвлэн нийтлүүлж олны хүртээл болгосон нь Төв Азийн угсаатны асуудлыг судалдаг мэргэжилтнүүдэд хэрэгцээтэй үнэт эх сурвалж болсон байна. Үүнээс гадна ШУА, МУИС-ийн угсаатан судлаачдын хамтран бичсэн “Монгол ёс заншил, зан үйлийн товчоон” (УБ., 2009. 58.3 х.х) бүтээл судалгааны үнэ цэнтэй юм.
1959 оноос хойш тасралтгүй эрхлэн гаргаж буй ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн “Угсаатан судлал” сэтгүүл нь олон улсын мэргэжлийн судлаачид өгүүллээ хэвлүүлдэг Монгол улс дахь энэ салбарын тэргүүлэх нэр хүнд бүхий сэтгүүл болжээ.
3. Салбарын хөгжлийн хандлага
Сүүлийн жилүүдэд төр засаг, дээд шатны байгууллагаас угсаатан судлалын салбарыг бодлогын хүрээнд дэмжлэг үзүүлсний үр дүнд тус шинжлэх ухааны нийгэмд үзүүлэх нөлөө, үр өгөөж дээшилсэн юм. Тухайлбал, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 27.8-р зүйлд заасан “Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, газар тариалан эрхлэх, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө угсаатны мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулна” гэсэн нь салбарын хөгжилд бодитоор үр дүнгээ өгч байна. Үүний үр дүнд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс угсаатны урьдчилсан хайгуул болох соёлын биет бус өвийн судалгааг олон бүтээн байгуулалтанд хийсэн байна. Тэдгээрээс онцлоход, Соёлын биет бус өвийн судалгааг амжилттай явуулж 2010 оноос Оюу Толгой төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад зэрэг сумуудад 10 гаруй удаагийн хээрийн судалгаа хийгээд байна. Энэхүү соёлын өвийн судалгаа нь Монгол улсад угсаатны биет бус соёлын өвийн судалгааг өргөжүүлэхэд томоохон түлхэц болж байна. Тэр дундаа угсаатны зүйн мэргэжлийн судлаачид хэрэгжүүлж байгаа нь тус судалгааны ач холбогдлыг өндөрсгөхөд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлжээ.
Түүнчлэн ЮНЕСКО-гийн Соёлын олон төрөл зүйлийг хамгаалах болон хөхүүлэн дэмжих тухай, Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенциудад нэгдэн орсноор Монгол улс ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад 7, Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 7 өвийн төрөл зүйлийг амжилттай бүртгүүлэв. Мөн Засгийн газраас баталсан Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр (2019-2023) ийн 3.2-р зүйлд зааснаар соёлын биет бус өвийн иж бүрэн судалгааг хийхээр онцолсон байна. Үүнтэй холбоотойгоор үндэсний угсаатан судлаачид соёлын биет бус өвийн судалгааг хийж гүйцэтгэж байна.
Тус салбарын судлаачид сэдэвчлэн судлах чиглэлийг баримталж хэд хэдэн томоохон судалгааг ойрын үед хийжээ. Тухайлбал, Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнд хэрэгжсэн “Хангайн нурууны ар бие дэх түүх, соёлын судалгаа”, “Монголын нүүдэлчид: аж ахуй, угсаа соёл”, “Монголын угсаатан судлалын түүх: нүүдэлчид ба шинжлэх ухаан” сэдэвт суурь судалгааны эцсийн болон завсрын үр дүнгүүд хэвлэгдэн гарч байна.