Мэндчилгээ
2017-09-27
Эрхэм хүндэт зочин танаа,
Хүн төрөлхтний түүхийн голомт, нүүдэлчдийн баялаг өв соёлт Монголчуудын ертөнц болох түүх, археологи, угсаатны судлал, сурвалж бичгийн судалгаатай байнга танилцах боломжийг бид нээж байна. Анх үүсэн байгуулагдсан 1921 оноос эдүгээг хүртэл тасралтгүй судалгааны үйл ажиллагаа явуулж буй Монголын түүх судлал эдүгээд улам гүнзгийрч, онол арга зүйн хувьд дэлхий дахин, бүс нутгийн хэмжээнд нэгэнтээ хүрснийг өнөө бидний судалгааны хүчин чармайлт харуулна.
Манай цахим хуудас Монгол улсын түүхийн болон бусад салбар ухаануудын судалгааны орчин, мэргэжлийн үндсэн байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, ном бүтээл, эрдэм судлалын хурал зөвлөгөөн, хамтын ажиллагааны толь нь байх болно. Дэлхийн Монгол судлалын төв нь Монгол улсад хэрхэн хөгжиж буйг илтгэхийн зэрэгцээ Монгол болон Дотоод Азийн бүс нутгийн түүх, археологи, угсаатны судалгааны хувьд ч тулгуур судалгааг манай эрдэмтэд тасралтгүй гүйцэтгэж буйтай ТА танилцах боломжтой.
Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ном бүтээл туурвих, эрдэм судлалын нэгдмэл харилцааг өрнүүлэхэд бид бүхэн нээлттэй ба бодитой, ойлгомжтой байх болно. Бидний зорилго шинжлэх ухааны онол арга зүйн өндөр түвшинд судалгааг явуулах, эх түүхийн судалгааны бүхий л үеийн түүхийг эх бичиг, археологийн эх хэрэглэгдэхүүн, аман түүхийн сурвалжид тулгуурлан судлаж, үндсэн чиг үүргээ бүрэн биелүүлэхэд чиглэгдэнэ. Эрдэмтний ёс зүйг дээдлэн баримтлаж, монголын түүх судлалыг хамгийн бодитой, үндэслэлтэй судлан шинжлэх, залгамж үеийн мэргэжилтнүүдийг цогц бодлогоор бэлтгэн боловсруулах зорилгод түүх судлагч, сонирхогч хэн бүхний тусламж дэмжлэгийг талархан угтах авай.