“ХААНЫ ЭЗЭНТ ГҮРЭН, МОНГОЛ” 2018 Тусгай үзэсгэлэн
“ХААНЫ ЭЗЭНТ ГҮРЭН, МОНГОЛ” 2018 Тусгай үзэсгэлэн

   -Евразийг дамнасан их эзэнт гүрнийг цогцлоосон нүүдэлчдийн түүх, соёл

Хугацаа: 2018.05.16 (Лхагва) – 2018.07.17 (Мягмар)

Байрлал: Солонгосын Үндэсний музейн тусгай үзэсгэлэнгийн танхим

 

Үзмэр: Хүннүгийн булшнаас олдсон Грек-ромын домгийн бурхадын дүрст мөнгөн эдлэл, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, Монголын эзэнт гүрний үеийн язгууртны гутал зэрэг 534 ширхэг үзмэр (үүнээс 16 дэсийн 90  ширхэг нь Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал)

 

Үзмэр түрээслүүлэгч байгууллага: Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Богд Хааны ордон музей, Гёнжүгийн Үндэсний соёлын өвийн хүрэээн, Тэсондун булшны музей, Сөүлийн Их сургуулийн Гюжонгаг Солонгос судлалын төв, Сунгуан хийдийн буддын музей.

 

БНСУ-ын Үндэсний музей (Захирал Пэ Ги дун) нь Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Богд Хааны ордон музейтэй хамтран “Хааны эзэнт гүрэн, Монгол” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байна. Монгол-Солонгосын хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны “Мон-Сол” төслийн 20 жилийн ойд зориулан бэлтгэсэн энэхүү үзэсгэлэн нь нэн эртний үеэс орчин үеийг хүртлэх Монголын тал нутагт оршин тогтнож байсан нүүдэлчдийн эзэнт гүрнүүдийн түүх, соёлыг төлөөлөхүйц 536 ширхэг үнэт үзмэр соёлын өвийг танилцуулна.

 Нэн эртнээс нааш газар тариалан эрхлэн амьдарч ирсэн солонгосчуудад нүүдэлчдийн амьдралын хэвшил нь их сонирхол татдаг. Монголын тал нутгийн нүүдэлчдийн эзэнт гүрнүүд нь эртнээс нааш Евразийн өргөн уудам нутгийг дамнан оршин тогтнож дэлхийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэж байсан юм. Өргөн уудам тал нутгийг багтаасан их эзэнт гүрнийг байгуулж дорно-өрнийг холбож өгсөн нүүдэлчдийн түүх, соёлыг энгийн байдлаар ойлгуулах тус үзэсгэлэн нь он цагийн дарааллаар 3 хэсгээс бүрдэнэ.


1-р хэсэг. Эзэнт гүрнээс өмнөх ул мөр: Нэн эртний Монгол орон

Монголын газар нутагт хүн амьдарч эхэлсэн цаг хугацааг 800 мянган жилийн өмнөөс хэмээн үздэг. Энэ цаг хугацааг чулуун зэвсгийн үе гэх бөгөөд хүн төрөлхтөний түүхийн урт удаан хугацааг хамаарах энэ эрин үе нь дотроо том хэмжээтэй чулуун зэвсгүүдийг голчлон ашиглаж байсан хуучин чулуун зэвсгийн үе, сайтар зассан хийц сайтай чулуун зэвсэг нэвтэрсэн дунд чулуун зэвсгийн үе, төгс боловсруулсан ялтсан зэвсэг ашиглаж, шавар ваар сав хийх болсон шинэ чулуун зэвсгийн үед хуваагддаг. НТӨ III мянганы үеэс тал нутагт хүрэл эдлэлийг хэрэглэж эхэлсэн бөгөөд НТӨ I мянган жилийн эхнээс хүрэл эдлэлийн хэрэглээ маш өргөн хүрээнд дэлгэрчээ. Энэ үеийн хүрэл эдлэлүүд дотор амьтны дүрст зүйлс их тохиолддог. 


2-р хэсэг. Эртний нүүдэлчдийн эзэнт гүрэн: Хүннү ба Түрэг

Монголын тал нутагт НТӨ III зууны төгсгөлд Хүннү нар эзэнт гүрнийг цогцлоож, дараа нь Сяньби, Жужан улсууд дараалан тогтсон юм. VI зууны дунд үеэс IX зууны төгсгөл хүртлэх хугацаанд Түрэг, Уйгар, Хиргис зэрэг улсууд оршин тогтносон байна. X зууны эхэнд кидан нарын байгуулсан Ляо эзэнт гүрний харьяанд Монгол нутаг орж байв. Эдгээр эзэнт гүрнүүдийн дотроос Хүннүгийн эзэнт гүрэн болон Түрэгийн хаант улсын үеийн дурсгалууд сүүлийн жилүүдэд сайн судлагдах болж, судалгааны үр дүнгүүд нийтэд ил болсоор байна. Хүннүгийн эзэнт гүрэн нь Хятадын Цин болон Хан улсын үед тэдэнтэй эн зэрэгцэхүйц хүчирхэг байсан ба хүннү нар өрнө, дорныг холбосон соёлын харилцаанд үлэмж хувь нэмэр оруулжээ. Түрэгийн хаант улс нь Умард Азийн их тал нутаг болон Дундад Азийн баянбүрд дагасан хот улсуудыг нэг захиргаанд оруулсан их эзэнт гүрэн байв. Тэдний үлдээсэн тахилын цогцолбор дурсгалуудаас эртний түрэг бичгээр бичигдсэн гэрэл хөшөөд олдсон нь Түрэгийн түүх, соёлыг ойлгоход чухал ач холбогдолтой хэрэглэгдэхүүн юм. 


3-р хэсэг. Монголын эзэнт гүрэн ба Чингис хааны хойчис 

Монголчууд XIII-XIV зуунд Номхон далайгаас Зүүн Европ, Сибириэс Зүүн Өмнөд Ази хүрсэн дэлхийн түүхэнд хамгийн том эзэнт гүрний цогцлоосон. Монголын эзэнт гүрэн нь Ази, Европыг холбож, маш олон улс, үндэстэнд улс төр, эдийн засаг, соёлын хувьд үлэмж нөлөө үзүүлсэн юм. Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум болон Таван толгойн язгууртны булшнаас илэрсэн олдворууд нь тухайн үеийн ахуй амьдралын хэвшилийг үзүүлж чадахаар гайхамшигтай үзмэрүүд билээ. XVI зуунаас эхлэн Түвдийн Буддын шашин өргөн дэлгэрч эхэлснээр Монголын нийгэмд томоохон өөрчлөлт оржээ. Буддын сүм хийдийн нөлөөгөөр суурин амьдралын хэвшил нэвтэрч эхэлсэн байна. Өндөр гэгээн Занабазарын байгуулсан хийд болон түүний урласан шашны бүтээлүүд нь тухайн үеийг төлөөлөх чухал соёлын өв юм. 

Энэхүү тусгай үзэсгэлэнг тохиолдуулан 2018 оны 6-р сарын 8-ны өдөр Төв Ази судлалын нэрт эрдэмтэн Сөүлийн Их сургуулийн Ким Ху дун профессорыг урьж тусгай лекц зохион байгуулна. Мөн үзэсгэлэнгийн туршид өдөрт 3 удаа хөтөчтэй тайлбар хийгдэх ба долоо хоног бүрийн лхагва гаригийн орой 19 цагаас үзэсгэлэн зохион байгуулагчдийн оролцох куратортой хийх уулзалтыг зохион байгуулж үзэгчдэд үзэсгэлэнгийн талаар илүү ойлголт өгнө. 

2018 оны 5-р сарын 4-ны өдрөөс эхлэн 6-р сарын 3-ны өдөр хүртэл Солонгосын Үндэсний музейн нээлттэй талбайд Монголын уламжлалт сууц “гэр” барьж монголчуудын уламжлалт амьдралын хэвшил, ахуйн эд зүйлсийг биетээр үзэх боломжийг олгож байна. (тус үзмэрийн цагийн хуваарь: 10-17 цаг)  

    

Дэлхийн музейн өдрийг тохиолдуулан зохион байгуулах “Музей, галерейн өдөр” 7 хоногийн арга хэмжээний хүрээнд

Энэхүү үзэсгэлэн нь Монгол, Солонгосын хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёлын харилцааг дэмжихэд томоохон үүрэг гүйцэтгэх ба цаашид Солонгосын Үндэсний музей нь Монголын эрдэм шинжилгээний олон байгууллагуудтай нягт хамтын ажиллагаа, хамтарсан судалгаа хийснээр хүн төрөлхтөний түүхийн судалгаанд өөрсдийн хувь нэмрийг оруулах юм. Тус үзэсгэлэн нь дэлхийн түүхийг өөрчилсөн нүүдэлчдийн соёлын талаар өргөн ойлголт өгөхийн зэрэгцээ өөр өөр өвөрмөц соёлыг нүдээр үзэж мэдрэх боломжийг олгоно гэдэгт найдаж байна. 

Монголын амьдралын хэвшил

-Гэр дотор орж үзэх, тавилга хэрэглэлийг үзэх

Монголчуудын хоол хүнс

- Монгол хоол амс үзэх (цагаан идээ: ааруул зэрэг)

Монголын хувцас өмсгөл

-Монгол хүн болох (Монгол хувцас өмсч үзэх)

Монголын уламжлалт тоглоом наадгай

-          Шагайгаар наадах

-          Монголын уламжлалт тоглоомын талаар тайлбарлуулах


Бусад мэдээлэл