American Center for Mongolian Studies - ACMS буюу Америкийн Монгол судлалын төвөөс зохиож буй цуврал виртуал нээлттэй хэлэлцүүлэгт Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Б.Пунсалдулам зочин илтгэгчээр оролцоно. Нээлттэй хэлэлцүүлэг 8-р сарын 20-ны өдрийн 21:00 цагт цахимаар явагдана. Хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Абстракт:
Олон зууны туршид
нүүдлийн мал аж ахуй монгол үндэстний амьжиргааны үндэс болсоор иржээ. Үүний
зэрэгцээгээр гол мөрний сав газраар амин хувийн хэрэгцээнд тариалан эрхэлж
байсныг археологийн болон бичгийн эх сурвалжууд баталж байгаа учир монголчууд
газар тариалангийн соёл үгүй ард түмэн, монголын тариалан эрхлэлт үндэсний гүн
уламжлалтай биш гэхчлэн үзэх нь андуу ташуу ойлголт юм.
Монголын газар
тариалангийн эх үүсвэр шинэ чулуун зэвсгийн үед холбогдоно. НТӨ YI-II мянган
жилийн эхэн үе гэхэд өнөөгийн Умард Хятад, Өвөр Байгалын нутгаар ихээхэн
хөгжингүй хэлбэр болох усалгаат газар тариалан эрхэлж байсны ул мөрийг
илрүүлээд байна. Дорнод Монгол нь эдгээртэй ижил орчин бүхий нэгэн бүс нутаг
болохын хувьд шинэ чулуун зэвсгийн үед газар тариалангийн нэгэн голомт болж
байсан нь эргэлзээгүй юм.
Хүрэл, төмрийн түрүү
үед монгол нутагт амьдран суугчдын газар тариалан эрхлэлтийн талаарх мэдээ хомс
байна. Учир нь төмөрлөгийн эриний эхэн үеэс урьдын зөөлөн дулаан “тааламжит”
уур амьсгалын давтамж дуусгавар болж, НТӨ II мянган жилийн эхнээс монгол орны
уур амьсгалын орчин өнөөгийн төлөвийг олох болжээ. Тиймээс газар тариалангийн
үйлдвэрлэл эрхлэх боломж хумигдан, харин мал аж ахуйг бэлчээрийн аргаар
адгуулах болсон байна. Гэхдээ хадны зураг дахь анжис бүхий үхрийн дүрслэл нь
хүрэл зэвсгийн үед тариалан тодорхой хэмжээнд эрхэлсээр байсныг харуулах чухал
нотолгоо болно. НТӨ I мянган жилийн дунд хэрд холбогдох Чандмань-Сагилын соёлын
хүн амын хүнсний төрөлд амуу будаа зэрэг тариалангийн бүтээгдэхүүн багтаж
байсан тухай археоботаник болон генетикийн судалгаагаар тогтоосон нь мал аж
ахуйн зэрэгцээ монгол нутгийн экологийн орчинд зохицсон сортын ургамлыг
тарималжуулан, хүнсэнд хүргэлсээр байсныг харуулна.
Монголчууд
тариалангийн өөрийн гэсэн уламжлалтай, тэр нь газар зүй, байгаль-цаг уурын
онцлог бүсдээ тохирсон арга ажиллагаатай байв. Газар тариаланг эрт ба дундад
эртний төр улсуудын үед нүүдэлчин ахуйд тохирсон хязгаарлагдмал хүрээнд
эрхэлсээр иржээ. Сэлэнгэ мөрний сав нутаг буюу эдүгээ монгол орны хойд хэсэг,
Буриадын нутаг газар тариалан эрхлэхэд харьцангуй тохиромжтой бөгөөд эрт цагаас
монголчуудын уламжлалт газар тариалангийн бүс болсоор иржээ.
Монголын газар
тариалан үлэмж хөгжсөн үе болох ХХ-XXI зуунд Монголын газар тариалангийн
хөгжилд тухайн цаг үеийн гадаад, дотоод улс төрийн нөхцөл, хүчин зүйл хэрхэн
нөлөөлж ирснийг тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн өмчийн олон
хэлбэрийн аж ахуй, нэгжийн бүтэц зохион байгуулалт, хөгжлийн чиг хандлагатай
холбон гаргасан болно.
ХХ-ХХI зууны
Монголын газар тариалан тус улсын нийгэм-эдийн засгийн хөгжлийн обьектив
шаардлагын дагуу хөгжиж ирсэн, эдийн засгийн зүй тогтолт үйл явц болохыг гарган
тодруулснаар түүх бичлэг дэх зарим үнэлэмж дүгнэлтийг эргэн харсан болно.
Илтгэгчийн тухай:
Доктор Б.Пунсалдулам
нь Шинжлэх Ухааны Академийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний
тэргүүлэх ажилтан. Тэрээр 1985 онд МУИС-ийг түүх, түүхийн багш мэргэжлээр
төгссөн. 2004 онд "1911 оны Монголын Үндэсний хувьсгалын түүх бичлэг
(1911-2003 он)" сэдвээр Түүхийн ухааны докторын (Ph.D) зэргийг хамгаалсан.
2008 онд профессор цол хүртсэн. 2021 онд "Монголын газар тариалангийн
түүх" сэдвээр түүхийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэргийг хамгаалсан.
Бүтээлүүд:
1911 оны Монголын
үндэсний хувьсгалын түүх бичлэг (1911- 2003). УБ., 2006.
Монголын түүх
бичлэг. Монгол улсын шинжлэх ухаан судлал. ХХХ боть. УБ., 2010.
Монголын газар
тариалангийн түүх (1900-1958 он) Тэргүүн дэвтэр. УБ., 2017.
Шинэ соёл Монголд
төлөвшсөн түүх (ХХ зуун) УБ., 2019.
Монголын газар
тариалангийн түүх (1959-2019 он) Дэд дэвтэр. УБ., 2019.