avatar
Б Билгүүн

Нийтлэсэн

  • 2024-07-04
  • 0

Захирлын мэндчилгээ


Эрхэм хүндэт зочин танаа



Монголчууд бахдам сайхан түүхтэй ард түмэн бөгөөд эртнээс үүх түүх, удам угсаагаа эрхэмлэн дээдэлж, уламжлан өвлүүлж ирсэн билээ. Монголчууд шиг удам угсаагаа сайн мэддэг аймаг улс ховор болох талаар бүр дундад зууны үеэс эхлэн гаднын түүхч эрдэмтэд тэмдэглэн үлдээсэн байдаг. Удам угсаагаа мэднэ гэдэг бол түүхээ мэднэ гэсэн үг. “Удам судар” гэдэг холбоо үг ч үүнийг гэрчилнэ. Монголчууд бичгийн өндөр соёлтой ард түмэн байсны хувьд удам судраа амаар уламжлан өвлүүлэхийн хамтаар бичгээр тэмдэглэн ирсэн эртний уламжлалтай. Хад чулууны бичээс, алдарт “Нууц товчоон” тэргүүтэн түүний тод гэрч мөн.  

Нөгөөтээгүүр, XIII-XIV зуунд монголчууд дэлхийн талыг эзэлж, Монголын түүх дэлхийн түүх болж байсан үе ч бий. Тэр цагаас хойш манай түүх зөвхөн монголчуудын биш, дэлхий нийтийн анхаарлын төвд байж, дэлхий даяараа сонирхон судалсаар ирсэн билээ.

Эрт цагт дорно дахины улс орнуудад төрийн албан ёсны түүхийг бичдэг тусгай байгууллага, сударч түшмэд байсан уламжлалтай. Монголчууд ч тэр уламжлалаас зөрөлгүй, Монголын эзэнт гүрний үед төрийн түүхээ судлан бичих тусгай байгууллага болох Бичгийн утгач-Улсын түүхийн хүрээлэнг байгуулсан нь өнөөгийн түүх судлах байгууллагын үндэс суурь болсон гэж хэлж болно.

Түүнээс хойш түүх бичих уламжлал улам дэлгэрсэн бөгөөд харийн эрхшээлийн үед ч тасралгүй явсаар XX зуунтай золгожээ. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа хийсэн хамгийн чухал ажлын нэг нь “Монгол улсын шастир” хэмээх төрийн түүхийг туурвисан явдал байлаа. Харин 1921 оны хувьсгалын дараа орчин үеийн шинжлэх ухааны байгууллага-Судар бичгийн хүрээлэнг байгуулахад түүний анхны кабинетын нэг нь Түүхийн кабинет байсан юм. Энэ бүхэн Монголын төр засаг түүхийн шинжлэх ухааныг онцгой анхааран, хөгжүүлж ирсний нотолгоо юм.

Судар бичгийн хүрээлэн өргөжин хөгжсөөр 1961 онд Шинжлэх ухааны Академи байгуулагдахад түүний харьяа 5 хүрээлэнгийн нэг нь Түүхийн хүрээлэн байлаа. Социализмын оргил он жилүүдэд үзэл суртлын нөлөө, хатуу хяналтад байсан хэдий ч Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд Монголын түүх, угсаатны зүй, археологийн суурь бүтээлүүдийг амжилттай туурвиж, түүхийн судалгааг шинэ шатанд гаргаж чадсан билээ.

1990 оноос хойш Монгол улс ардчиллын замаар замнаснаар монгол үндэсний үзэл сэргэн, түүх, ёс заншил, уламжлалт соёлоо үнэн мөнөөр нь тодруулан гаргах хүсэл эрмэлзэл түүхчид төдийгүй жирийн олны дунд урьд хэзээ ч байгаагүйгээр оргилон гарсан юм. Тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид ч нийгмийн ийм хүсэл шаардлага, эрдэм шинжилгээний шинэ төвшинд нийцүүлэн төрийн түүх бичих үүргээ гүйцэтгэн биелүүлж Монголын түүх, угсаатны зүйн тулгуур бүтээлүүдийг амжилттай туурвисан билээ.

Эдүгээ тус хүрээлэн түүхийн шинжлэх ухааны өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлийн түүхчдийг бойжуулан гаргаж, олон улсын төвшинд хүрсэн чанартай сайн бүтээл туурвихын зэрэгцээ олон түмнийг түүх, соёл, уламжлалаар соён гэгээрүүлэх, тэдэнд эх оронч үзлийг баттай суулгах зэрэг эрдэм шинжилгээ, нийгмийн соён гэгээрлийн чиглэлийн олон ажлыг хийж байна.

Нэгэн зууны түүхтэй тус хүрээлэнтэй улс орны тусгаар тотнолын баталгаа болсон эх түүх, үндэсний соёл, уламжлалыг судлан боловсруулах, үнэн зөвөөр сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээх, түүхийн судалгаанд суурилсан бодлого боловсруулах талаар хамтран ажиллах хүсэлтэй нийт эрдэмтэн судлаач, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, түүх сонирхон судлагч хэн бүхнийг бид талархан угтах болно.

Та бүхнийг манай цахим хуудсаар зочилж, Монголын түүх, угсаатны зүйн шинжлэх ухааны салбарын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг сонирхон хуваалцаж, эх түүхийг судлах, сурталчлан таниулах их үйлсэд хувь нэмрээ оруулахыг хичээнгүйлэн хүсье.

 

 

        МОНГОЛ УЛСЫН ШУА-ИЙН ТҮҮХ, УГСААТНЫ ЗҮЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ                                

ДОКТОР(Ph.D)     Ц.ЦЭРЭНДОРЖ