2026 оны 10 дугаар сарын 22-нд
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн болон Олон улсын судалгааны баг хамтран “Нэн ховор болон ховор ургамлын зүйлүүд, бүлгэмдлийн мэдээллийг Экологийн чухал ач холбогдолтой газар нутгийн үнэлгээнд хамруулах боломж” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр Экологийн чухал ач холбогдолтой газар нутгийн үнэлгээний зорилго, хүлээгдэж буй үр дүн, байгаль хамгааллын орон зайн төлөвлөлтийн үйл явц, нэн ховор болон ховор ургамал, мөөг, хаг, замгийн тархацын мэдээллийг хамгааллын бодлого, шийдвэр гаргалт, Экологийн чухал ач холбогдолтой газар нутгийг тодорхойлоход ашиглах ач холбогдлын талаар хэлэлцэв.
ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D), профессор И.Түвшинтогтох “Нэн ховор, ховор гуурст ургамлын тархац ба тусгай хамгаалалттай газар нутгийн давхцал” сэдвээр илтгэл тавьж, ургамлын зүйлүүдийн тархацын мэдээллийг хамгааллын үнэлгээ, орон зайн төлөвлөлтөнд ашиглах боломжийг танилцууллаа. Жишээлбэл: ховор ургамлын нэг болох Их шүүдэргэнийн -Chelidonium majus L. бүртгэгдсэн 41 тархацын цэгээс зөвхөн 8 нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байгааг онцлон мэдээлэв. Мөн нэн ховор, ховор мөөг, хаг, замгийн хамгааллын өнөөгийн байдал, тархацын мэдээлэл, хамгааллын үндэслэлийн талаар салбарын судлаачид илтгэл хэлэлцүүллээ.
Арга хэмжээнд төрийн байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон байгаль хамгааллын олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, нэн ховор болон ховор ургамал, мөөг, хаг, замгийн тархацын мэдээллийг Экологийн чухал ач холбогдолтой газар нутгийн үнэлгээнд тусгах, мэдээллийн санг боловсронгуй болгох, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.

Хэлэлцүүлгийн хүрээнд нэн ховор, ховор ургамал, мөөг, хаг, замгийн тархацын цөм нутгийг Экологийн чухал ач холбогдолтой газар нутгийн үнэлгээнд тусгах асуудлыг онцлон хэлэлцсэн бөгөөд энэ нь тэдгээрийг байгалийн орчинд нь (in situ) хамгаалах тэргүүлэх бүсүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж, Монгол орны биологийн олон янз байдлын хамгаалалт, байгаль хамгааллын орон зайн төлөвлөлтийг улам боловсронгуй болгоход чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.