
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 4 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үеэр “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрээд буй Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэх зорилго бүхий 18 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Энэ хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэн болон БНКазУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратеги судлалын хүрээлэн, Гадаад харилцааны яамны дэргэдэх Гадаад бодлого судлалын хүрээлэн хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулав. Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн нь гадаад бодлогын шийдвэр гаргалт, гадаад хамтын ажиллагааны таатай орчныг бэхжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй суурь судалгаа гүйцэтгэдэг, олон улсын харилцаа, гадаад орон судлалын чиглэлийн тэргүүлэх судалгааны хүрээлэн юм. БНКазУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратеги судлалын хүрээлэн болон Гадаад бодлого судлалын хүрээлэн нь БНКазУ-ын стратегийн бодлого төлөвлөлт, олон улсын харилцаа, аюулгүй байдлын судалгааны чиглэлээр суурь судалгааг хийж, холбогдох байгууллагуудыг бодлогын санал дүгнэлт, зөвлөмжөөр хангадаг тэргүүлэх судалгааны байгууллагууд болно.
Монгол, Казахстаны гадаад бодлого, олон улсын харилцаа судлалын тэргүүлэх судалгааны байгууллагууд болох Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнг төлөөлж захирал Д.Золбоо, БНКазУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратеги судлалын хүрээлэнг төлөөлж захирал Шаймарданов Жандос, Гадаад бодлого судлалын хүрээлэнг төлөөлж дэд захирал Таженов Амангельды Едрисович нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд олон улсын харилцаа, олон талт хамтын ажиллагааны сэдвээр харилцан туршлага солилцох, судлаачдыг сургалтад хамруулах, бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын асуудлаар хамтарсан судалгаа хийх, эрдэм шинжилгээний хурал, семинар, дугуй ширээний уулзалт хамтран зохион байгуулахаар тохиролцож, цаашид хоёр орны шинжлэх ухаан, боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тогтсон байна.

