АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт Швейцар Улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр өөрийн санаачилсан “Энхийн зөвлөл”-ийг албан ёсоор байгуулж, үүсгэн байгуулах дүрэмд гарын үсэг зурах үеэр Газын дайныг “дуусах шатандаа орж байна” хэмээн мэдэгджээ.
АНУ-ын дэмжлэгтэй энэхүү байгууллагыг анх өнгөрсөн оны 11 дүгээр сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Газын дахин сэргээн босголтыг хянах зорилгоор баталсан юм. Гэвч Доналд Трамп түүнээс хойш тус байгууллагын бүрэн эрхийг өргөтгөж, дэлхийн хэмжээнд зөрчил, мөргөлдөөнийг зохицуулах форум болгохоор санал дэвшүүлээд байна. Тэр бээр уг зөвлөлийг өөрөө даргалж, албан тушаалаасаа буусны дараа ч өөрийн хүслээр удирдана гэж мэдэгдсэн. Түүнчлэн Энхийн зөвлөлд гишүүнээр элсэхэд нэг тэрбум ам.долларын хураамж төлөх санал гаргасан байна. Энхийн зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх зөвлөл хариуцан ажиллана, ингэснээр АНУ-ын хяналт бэхэжнэ гэдгийг Цагаан ордон онцолжээ.
Гарын үсэг зурах үйл ажиллагаанд нийт 20 орчим улс оролцсон бөгөөд тэдгээр нь голчлон Ойрх Дорнод, Төв Ази болон Зүүн Европын зарим орнуудаас бүрдэж байна. Харин Барууны томоохон улсуудын зарим нь оролцоогүй эсвэл нэгдэхээс татгалзсан байна. Тэд зөвлөлийн засаглалын бүтэцтэй санал нийлэхгүй байгаагийн дээр Украины нутаг дэвсгэр рүү халдсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Энхийн зөвлөлд урьсныг таашаахгүй байгаа юм. Владимир Путин урилга хүлээн авсан гэдгээ баталсан бөгөөд ОХУ-ын тал Энхийн зөвлөлд нэгдэх асуудлыг судалж байгаа гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулжээ.
Их Британийн Гадаад хэргийн сайд Иветт Купер “одоогоор нэгдэхгүй” гэдгээ мэдэгдсэн бол Франц, Герман болон бусад улсууд уг саналыг эрс няцаасан байна. Учир нь энх тайвныг зорилгоо болгосон эл байгууллагад энх тайвны асуудлаарх байр суурь нь маргаантай удирдагчид багтаж байгаа нь зарим улсын хувьд хүлээн зөвшөөрөхийн аргагүй байж болох. Харин зарим нь энэ санаачилгыг хүлээж аваагүй байна.
Гэрээнд гарын үсэг зурсан улс орнуудад Бахрейн, Марокко, Аргентин, Армени, Азербайжан, Болгар, Унгар, Индонези, Йордан, Казахстан, Косово, Пакистан, Парагвай, Катар, Саудын Араб, Турк, Арабын Нэгдсэн Эмират Улс, Узбекистан, Монгол зэрэг орнууд багтжээ.
Харин Канад, Франц, Герман, Итали, Испани, Бельги, Швед, Норвеги, Словени, Их Британи зэрэг Өрнөдийн эсвэл барууны олон улс орнууд Энхийн зөвлөлд нэгдээгүй байна.