Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Евроазийн эдийн засгийн холбоо ба Монгол Улс: Хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцов
“Евроазийн эдийн засгийн холбоо ба Монгол Улс: Хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцов

   2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Оросын Гадаад хэргийн зөвлөл (ОГХЗ)-өөс “Евроазийн эдийн засгийн холбоо ба Монгол Улс: Хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлгийг цахимаар зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн хүрээнд оролцогчид Монгол Улсаас ЕАЭЗХ-той хийж буй худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны өнөөгийн түвшнийг дүгнэхийн зэрэгцээ 2025 оны зургаадугаар сард байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрт холбогдох асуудлуудыг хөндөж, тус холбоотой цаашид Монгол-Оросын хамтын ажиллагааны туршлага, бодит нөөц бололцоонд тулгуурлан хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.

   Цахим хэлэлцүүлгийг ОГХЗ-ийн ерөнхий захирлын орлогч Д.Кику, Евроазийн эдийн засгийн комиссын Худалдааны бодлогын газрын захирал В.Серпиков, Бүх Оросын Гадаад Худалдааны Академийн (БОГХА) Интеграцийн хөгжлийн хүрээлэн (ИХХ)-ийн захирал А.Точин нар нээж, мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Монгол Улсын талаас “Үндэсний хөгжлийн хүрээлэн” УТҮГ-ын Төрийн захиргааны газрын дарга Б.Амарсанаа, Зах зээл, өрсөлдөх чадварын судалгааны албаны судлаач Ц.Дамиран нар Монгол Улсын эдийн засгийн орчин, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, бодлогын хандлагын талаар илтгэл тавьж оролцов. Цаашлаад ОХУ-ын талаас БОГХА-ийн Олон улсын эдийн засаг, санхүүгийн хүрээлэнгийн дэд захирал Н.Пыжиков, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль (МОУХДС)-ийн Интеграцийн эрх зүй, хүний эрхийн тэнхимийн дэд профессор А.Наку, мөн “Евросиб СПб - Транспортные системы” компанийн Маркетинг, дүн шинжилгээний хэлтсийн дарга Н.Щербинин, ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Хятад, орчин үеийн Азийн хүрээлэнгийн Төв Азийн судалгааны төвийн ахлах судлаач С.Михневич нар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол асуудлуудаарх өөрсдийн байр суурийг тус тус илтгэн танилцуулсан юм.

   Түүнчлэн энэ удаагийн хэлэлцүүлэгт Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Д.Золбоо болон тус хүрээлэнгийн Орос судлалын салбарын Б.Мөнхцэцэг, Б.Хишигжаргал Э.Буянбилэг нарын судлаачид, мөн ҮХХ-ийн Эрчимт хөгжлийн бодлого, судалгааны албаны судлаач М.Даваасүрэн, Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагаа хариуцсан менежер М.Мөнхүү нар оролцлоо. Харин ОХУ-ын талаас Улаанбаатар хот дахь Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн салбар сургуулийн Шинжлэх ухааны хэлтсийн дарга В.Артикова, БОГХА-ийн ИХХ-ийн Эдийн засгийн интеграцийн төвийн дэд дарга К.Кузьмичев, Монгол Улсад суугаа ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүн дэх ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны төлөөлөгч В.Юрченко, эдийн засгийн асуудал хариуцсан атташе Б.Догдомэ, МОУХДС-ийн Интеграцийн үйл явцын тэнхимийн дэд профессор А.Цибулина, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн Солонгос, Монголын хэлтсийн судлаач И.Игнатов, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвөд, Будда судлалын хүрээлэнгийн ахлах судлаач В.Намжилова нар тус тус оролцож санал бодлоо хуваалцав. Тус арга хэмжээ нь Монгол Улс, ЕАЭЗХ-ны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд логистик, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтарсан төслүүдийг идэвхжүүлэх бодит санал, зөвлөмжүүдийг дэвшүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны бодлогын суурийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг болсон юм.



Гэрэл зураг: https://russiancouncil.ru/

Мэдээ бэлтгэсэн: Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан Б.Хишигжаргал




Бусад мэдээлэл