Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Японы “ДИПЛОМАТЫН ХӨХ НОМ 2019”
Японы “ДИПЛОМАТЫН ХӨХ НОМ 2019”

Японы “Дипломатын Хөх ном” нь Япон Улсын Гадаад харилцааны яамнаас эрхлэн жил тутам тогтмол гаргадаг Япон улсын дипломат үйл ажиллагааны талаарх үндсэн эх сурвалж хэмээн үзэж болох хураангуй тайлан юм. Анхны дугаар нь тэртээ 60 гаруй жилийн өмнө буюу 1957 оны 9 дүгээр сард “Япон улсын Дипломат харилцааны өнөөгийн байдал” нэрээр хэвлэгдэн гарч байгаад 1971 оноос англи хэлээр давхар хэвлэгдэн, 1987 онд 31 дэх дугаараас “Дипломатын Хөх ном” нэрээр хэвлэгдэх болж 2019 оныг хүртэл 62 дугаар гаргасан байна.


“Дипломатын Хөх ном”-нд Японы дипломат харилцааны өрнөл хийгээд Япон улсыг тойрсон олон улсын нөхцөл байдал түүнд баримталж буй өөрийн гадаад бодлогыг тусган тайлбарласан байдаг. Номын бичлэгийн хувьд олон нийтэд уншихад дөхөм байлгах үүднээс товч тодорхой, энгийн бөгөөд ойлгоход хялбар байхыг зорьдог байна. Мөн тухайн онд олон улсад үйл ажиллагаа явуулж буй иргэдийн оруулсан хувь нэмрийг “тусгай өгүүлэл”, “өгүүлэмж” хэлбэрээр нийтэлдэг онцлогтой ажээ.  
Номын бүтцийн тухайд, улс орнуудыг бүс нутгаар ангилан, улс тус бүрээр тусгайлан авч үзэж, нийгмийн салбар тус бүрийн гадаад бодлогын төлөв байдал, олон улсын хамтын ажиллагааны санаачлагуудын талаар дурдсан байна.
Тухайлбал 2019 оны Японы “Дипломатын Хөх ном”-нд тогтсон зарчмын дагуу 2018 оны 1 сарын 1-нээс 12 сарын 31 хооронд өрнөсөн олон улсын байдал болон Япон улсын явуулж буй дипломат үйл ажиллагааны талаарх тойм мэдээллийг оруулсан байна. Мөн 2019 оны 3 сар хүртэлх зарим чухал үйл явдлыг талаар ч багтаасан байна. Номын бүтцийг бүлэг тус бүрээр авч үзвэл, I бүлэгт Япон улсыг хүрээлэн буй олон улсын нөхцөл байдал ба Япон улсын дипломат харилцааны өрнөл; II бүлэгт дэлхий дахины хэмжээнд явуулж буй дипломат бодлого, III бүлэгт үндэсний эрх ашиг ба дэлхий дахины ашиг сонирхлыг дэмжих гадаад бодлого,  IV бүлэг ардын дипломат бодлогын хэсэгт дэлхий ертөнцтэй харилцаа холбоогоо гүнзгийрүүлэн хөгжүүлж буй Японы аж ахуйн нэгж болон иргэдийг дэмжиж буй Гадаад харилцааны яамны үйл ажиллагаа болон гадаад улс орон дахь япончуудад чиглэсэн дэмжлэг тусламж, дипломат үйл ажиллагааг дэмжих суурийг батжуулах дипломат үйл ажиллагааны хэрэгжилтийн тогтолцоог бэхжүүлэх талаар өгүүлсэн байна. Түүнчлэн уншигчдыг дипломат ажилтай илүү ойртуулахын тулд цөөнгүй тооны гэрэл зурагтай танилцуулгыг тусгайлан энэ оны дугаарт шинээр нэмж өгчээ. Номын төгсгөлд олон улсын байгууллагыг сонирхон буй хүмүүст зориулан гадаад харилцааны холбогдолтой олон төрлийн лавлагаа мэдээ материалыг хавсаргасан байна.
Монгол Улсын тухайд, 1967 оны 11 дэх дугаарт анх дурдагдсан байдаг бөгөөд үүнээс хойш 1970 оны хэвлэлээс бусад дугаарт Монгол-Японы харилцааны талаар нийтлэгдсэн байна. 1967 оны дугаарт Монголын талаар анхлан дурдахдаа “1966 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод их хэмжээний аадар бороо орсны улмаас үерийн аюул хохирол учирсантай холбогдуулан Засгийн газраас тэр жилийн 8 дугаар сарын 16-ны өдөр Японы Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан 3000 долларын мөнгөн хандив өгөв”, “Монголд очиж япон цэргийн булш эргэсэн нь. Өнөөг хүртэл зөвхөн цөөн хэдэн тооны япон аялагч хувийн шугамаар очиж Монголд байгаа япон цэргийн булшийг эргэж байсан ба одоо хүртэл нас барагсдын ар гэрээс очоогүй байсан бөгөөд 1966 оны 4 дүгээр сард Буцаагдаагүй иргэдийн асуудал хариуцсан Зөвлөлийн дарга Фүжияама Айчирогийн БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбалд бичсэн захидлыг Зөвлөлт Холбоот Улсад суух Элчин сайд Накагавагаас Зөвлөлт Холбоот Улсад суугаа БНМАУ-ын Элчин сайдын гарт хүргэж, амь үрэгдсэн япон цэргийн ар гэрийнхэн Монголд очиж булшийг нь эргэх зөвшөөрөл хүссэн. Үүнд мөн оны 5 дугаар сард Ерөнхий сайд Ю.Цэдэнбалаас Фүжияама даргад илгээсэн хариу захидалд манай талын хүсэлтийг зөвшөөрсөн хариу ирсэн тул Засгийн газар Эрүүл мэнд, нийгэм хамгааллын яам, Гадаад харилцааны яам болон Буцаагдаагүй иргэдийн асуудал хариуцсан Зөвлөл хооронд зөвшилцөж, нас барагсдын ар гэрийн төлөөлөл 8 хүн болон засгийн газрын 4 албан хаагчдаас бүрдсэн төлөөлөгчдийн баг мөн оны 8 дугаар сарын 2-ны өдөр Ханэдагаас Улаанбаатарт хүрсэн. Энэ багийг гурван зөвлөх (Парламентын 2 гишүүн, 1 нарийн бичиг) дагалдан явав. Улаанбаатар болон Сүхбаатар хотын нутагт орших япон цэргийн оршуулгын газрыг эргэсэн бөгөөд төлөөлөгчид тэр жилийн 8 дугаар сарын 30-нд Ханэда руу буцав” хэмээн бичиж байжээ.  
Япон улсын гадаад харилцааны яам 2000 оноос өөрийн цахим хуудсаар дамжуулан  өмнө хэвлэгдсэн бүх дугаарыг япон, англи хэлээр файл хэлбэрээр олон нийтэд нээлттэй байршуулах болсноор Японы гадаад бодлого, дипломат харилцааны түүхийг сонирхон судалдаг хэн бүхэн чөлөөтэй танилцаж, ашиглах боломжтой болжээ.
Шинэхэн хэвлэгдэж нийтийн хүртээл болсон 2019 оны дугаарт Монгол-Японы харилцааны талаар бичсэн хэсгийг та бүрэнд сонирхуулж байна.  
“Монгол Улс бол Японтой нийтлэг үнэт зүйлс бүхий бүс нутгийн чухал түнш орон бөгөөд үргэлжлүүлэн “стратегийн түншлэл”-ийн найрамдалт харилцаагаа харилцан ашигтайгаар улам бэхжүүлэн бататгасаар байна.
2018 онд хоёр орны Засгийн газар хооронд, 2 дугаар сард Гадаад хэргийн сайд нарын уулзалт (Токио хотноо), 4 дүгээр сард гурав дахь удаагийн Япон-Монголын стратегийн түншлэлийн хэлэлцүүлэг (Токио хотноо), 9 дүгээр сард Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын дээд хэмжээний уулзалт (ОХУ, Владивосток) 12 дугаар сард Ерөнхий сайд Шинзо Абэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын дээд хэмжээний уулзалт (Токио хотноо) хийсэн зэрэг өндөр түвшний харилцааг идэвхтэй  явуулж байна. Мөн олон талт яриа хэлэлцээний санаачлагын хүрээнд 4 дүгээр сард гурав дахь Япон-Америк-Монгол гурван улсын зөвлөлдөх уулзалт (Токио хотноо) зохион байгуулснаас гадна 8 дугаар сард Япон улсын Ерөнхий сайдын тусгай зөвлөх Кэнтаро Соноүра Монгол Улсад айлчилж, Батлан хамгаалах салбарын “Чадавхийг сайжруулах хөтөлбөр”-ийн хаалтын ёслолд оролцлоо.
Парламентийн түвшинд, 6 дугаар сард УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Японы парламентийн бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан Японд айлчилсны дараа 10 сард Япон улсын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Акира Гүнжи Монгол Улсад айлчлав. Өнгөрсөн жилийн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошима нарын харилцан айлчлалыг үргэлжлүүлсэн парламентийн дэд дарга нарын харилцан айлчлал хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг улам бэхжүүлэв.
Мөн 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр хийсэн Япон-Монголын дээд хэмжээний уулзалтын дараа хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргаж, өмнөх оны 3 дугаар сард Гадаад хэргийн сайд нарын гарын үсэг зурсан “Япон, Монголын Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр (2017-2021)”-ийн явц байдлыг бататгасан баримт бичиг гаргасан. Цаашид ч үргэлжүүлэн тус төлөвлөгөөний дагуу хоёр орны харилцааг тасралтгүй бэхжүүлж, хоёр орны “стратегийн түншлэлийн харилцаа”-г хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно” хэмээн дурджээ. 

Мэдээ бэлтгэсэн: А.Сосорбурам
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн ЭША
Эх сурвалж: https://www.mofa.go.jp/mofaj/gaiko/bluebook/index.html



Бусад мэдээлэл