Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Соёл, эрдэм шинжилгээний төвийн нээлт боллоо.
Соёл, эрдэм шинжилгээний төвийн нээлт боллоо.

Монгол-Зүүн хойд Азийн харилцааг дэмжих нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллагын санаачилгаар хоёр талын оюутан залуус, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих олон нийтэд зориулсан “БНАСАУ-ын соёл, эрдэм шинжилгээний төв” шинээр байгуулагдан, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэх ёслол 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод болж өнгөрлөө. Ёслолын үйл ажиллагаанд БНАСАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Элчин сайд У Сын Хо, элчин зөвлөх Хан Чоль Мин, 3-р нарийн бичгийн дарга Ри Күн Сон,гадаад худалдааны зөвлөх Хан Жон Кюү нарын дипломат ажилтнууд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, доктор Н.Навчцэцэг, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай нарын албаны хүмүүс оролцлоо.


Нээлтийн ёслолын ажиллагааны үеэр ТББ-ын тэргүүн Н.Бямбадорж өөрийн төвийн үйл ажиллагааны онцлогыг “Монгол дахь Солонгос судлал эртний уламжлалтай. Энэхүү төв нь ямар нэгэн гадаад улсын төрийн болон ямар нэгэн улс төрийн хүчний санхүүжилтээр бус, олон нийтийн санал санаачилгаар тэр тусмаа "Эрдэм шинжилгээний" гэсэн тодотголтойгоороо Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг гадны хөрөнгө оруулалттай  соёл, урлагийн чиглэлийн бусад байгууллагаас ялгарна” хэмээн онцоллоо. Монгол Улсын Шинжлэх ухааны академи, БНАСАУ-ын Байгалийн шинжлэх ухааны академи хооронд хамтран ажиллах санамж бичгийг анх 1988 онд байгуулснаас хойш Хамтран гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хоёр жилээр байгуулдаг байдаг.

Олон улсын харилцааны хүрээлэн Монгол дахь Солонгосын хойг судлалыг хөгжүүлэх болон хоёр талын судлаачдын хамтын ажиллагааг дэмжихэд бүх талын дэмжлэг үзүүлж, төвийн үйл ажиллагаатай ойр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бол БНАСАУ-ын ЭСЯ-наас холбогдох мэдээлэл, сурах бичгээр өөрийн боломжоор тогтмол хангах, хоёр талын эрдэм шинжилгээний байгууллагууд хооронд харилцаа тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.


Мэдээг бэлтгэсэн Н.Бямбадорж



Бусад мэдээлэл